Ногоон оршуулга: Хэрхэн эко аргаар нөгөө ертөнц рүү явах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 27

Ногоон хувьсгал амьдралын бүхий л салбарт идэвхтэй нэвтэрч байна. Буяны үйлчилгээг тойрсонгүй. Өнөөдөр чандарлах арга нь байгаль ээлтэй оршуулгын хэлбэр байхаа больжээ. Учир нь их хэмжээний нүүрсхүчлийн хий болон хиймэл шүд, эд эрхтэн шатах явцад гарсан мөнгөн усны уур агаар мандалд цацагддаг байна. Тэгвэл байгаль ээлтэй ямар ямар инновац энэ салбарт нэвтэрч байна вэ?

Их Британийн буяны үйлчилгээ эрхэлдэг ”Co-op Funeralcare” томоохон компани усанд чандарлах үйлчилгээг санал болгож байна. Тус улсад оршуулгын байгальд ээлтэй хувилбаруудын эрэлт нэмэгдэж, ногоон буяны үйлчилгээ ихээхэн дэлгэрч байна. Өдгөө Европын ихэнх орнуудад газарт оршоох, чандарлах гэсэн хоёр уламжлалт арга байдаг.

Усанд чандарлах арга гэж юу вэ?

Усанд чандарлахдаа шарилыг ус болон хүчлийн шингэн бүхий ган саванд хийдэг байна. Савыг халаахад цогцос амин хүчил, пептид, сахар, давс зэрэг анхдагч химийн найрлагадаа эргэн хувирдаг аж. Ойролцоогоор 3-4 цагийн дараа зөвхөн араг яс л үлдэх ба цагаан нунтаг болгон, гэр бүлд нь өгнө.

Өнгөрсөн зун ”Co-op Funeralcare” буяны компани ийм үйлчилгээг анх удаа санал болгож буйгаа зарласан билээ. Их Британид усанд чандарлах үйлчилгээг хуульчилсан байдаг ба аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн нөхцөл болон байгаль орчныг хамгаалах гэсэн шаардлага тавьдаг байна. Энэ аргыг Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэгч Десмонд Туту сонгожээ. Тэрбээр 2021 онд нас барахаасаа өмнө өөрийг нь байгальд ээлтэй аргаар оршуулахыг хүсжээ.

”Co-op Funeralcare” компанийн мэдээллээр, усанд чандарлах арга нь уламжлалт галд шатаан чандарлах аргыг бодвол тав дахин бага эрчим хүч хэрэглэдэг байна.

Буяны үйлчилгээ байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Олон арван жилийн туршид буяны ажил хоёр үндсэн хэлбэрээр явдаг байжээ. Газарт оршоох болон чандарлах. Усанд чандарлах үйлчилгээ эрхэлдэг “Kindly Earth” компанийн захирал Жулиан Аткинсоны ярьснаар, тус компани энэ хорвоог орхих өөр нэг хувилбарыг санал болгож байна. Энэхүү үйл явцад гал бус усыг ашиглаж байгаа тул шарил болон байгаль орчинд илүү ээлтэй аж. Ийм үйлчилгээний эрэлт их гэнэ.

“Co-op Funeralcare” компанийн захиалгаар явуулсан YouGov судалгаанаас үзвэл, Их Британийн насанд хүрэгчдийн 89 хувь “усанд чандарлах /aquamation, resomation/” гэсэн нэр томьёоны талаар сонсоогүй аж. Харин энэ аргын талаар тайлбарласны дараа оролцогчдын 29 хувь нь нас барсных нь дараа ийм аргаар оршуулахыг сонгоно гэж хариулжээ.

Экологи, тогтвортой хөгжлийн асуудал, байгалийн нэгээхэн хэсэг болж амар амгалан олох хүсэл сүүлийн арван жилд улам бүр нэмэгдэж байгаа нь мөнх бусыг үзүүлснийхээ дараа өөрийнх нь шарил байгаль орчинд хэрхэн нөлөөх талаар улам олон хүн санаа тавьдаг болсныг илтгэж байна гэж Дурхамын их сургуулийн шашин судлалын тэнхимийн профессор Дуглас Дэвис ярьжээ.

Уламжлалт буюу галд шатаан чандарлахад нэг удаад 245 кг нүүрсхүчлийн хий ялгардаг байна. Энэ нь ухаалаг утсыг 29 мянга гаруй цэнэглэхтэй тэнцэнэ гэсэн үг.

Уламжлалт оршуулгын хэлбэрүүд нь мөн экологид сөрөг үр дагавартай байдаг. Занданшуулах явцад хэрэглэдэг химийн бодисууд нь ойр орчмынхоо хөрс, усыг бохирдуулдаг байна.

Европын ямар улсад усанд чандарлах үйлчилгээ байдаг вэ?

Их Британи шарил чандарлах салбарт амжилт гаргаж байгаа Европын цорын ганц улс биш. Энэ онд Ирланд улсад усанд чандарлах үйлчилгээний анхны газар нээгдэнэ. Ийм үйлчилгээ мөн АНУ, Канад, Өмнөд Африкт хэдийн нэвтрээд байна.

Бельги, Нидерланд хоёр усанд чандарлах үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байгаа ч урьдчилаад хэм хэмжээний саадыг давах шаардлагатай нүүр тулжээ.

Шарилыг бордоо болгох арга

Экологийн цэвэр оршуулгын бас нэг арга нь шарилыг бордоо болгох хувилбар. Шарилыг модны үртэс, ургамлын хольцод хийж, халааснаар микроб, бактериуд 30 хоногийн дотор хүний шарилыг задалж, улмаар хоёр түрдэг тэрэг хөрс бий болдог байна.
Үүнтэй ижил бас нэг арга нь Infinity Burial Suit буюу оршуулгын мөөгөн хувцас. Мөөг болон бусад төрлийн бичил биет бүхий өмсгөл нь цогцсыг богино хугацаанд задалж, мөөгний бордоо болгон хувиргадаг.

Цаасан авс

Өрнөдөд ногоон оршуулгыг дэмжигчид өртөг өндөр лакадсан авснаас татгалзаж, байгальд хурдан задардаг хулс, уд мод бүр картон цаасан авсыг сонгохыг санал болгож байна. Эдгээр нь үнийн хувьд хамаагүй хямд төдийгүй байгаль орчинд маш бага нөлөөтэй.

Тэр бүү хэл талийгчдад зориулсан цагаан өмсгөлтэй эсвэл бүр дуртай хөнжилд нь ороон газарт оршоохыг санал болгох нь бий.

Түүнчлэн, талийгчдыг занданшуулахдаа формальдегид агуулсан химийн бодисоос татгалзахыг уриалж байна. Учир нь цогцос задарсны дараа хөрсийг бохирдуулдаг.

2021 оны аравдугаар сард Бельгийн Дроген хотод дэлхийд анхны эко оршуулгын газрыг нээжээ. Энд талийгчдыг зөвхөн байгальд задардаг авсанд оршуулдаг бөгөөд чулуу тавьдаггүй байна. 600  шарил оршуулах хүчин чадалтай ба газрыг 25 жилээр түрээсэлдэг байна. Энэ хугацаанд шарил бүрэн задардаг аж.

Мөн буяны үйл ажиллагааг байгаль ээлтэй болгох үүднээс автомашинаас татгалздаг болжээ. Талийгчийг шарилыг зориулалтын дугуйтай тэргээр тээвэрлэдэг байна. Ийм хувилбар АНУ, Дани, Францад хэдийн биелээд эхэлжээ.

Дижитал оршуулгын газар?

Бээжингийн Тайзию оршуулгын газарт чандар хадгалах хэсэгт дижитал дэлгэц байршуулсан байдаг. Дэлгэцээр талийгчдын гэрэл зураг, дүрс бичлэгийг үзүүлнэ. Ногоон оршуулгын хөтөлбөрийн хүрээнд Бээжин хотод талийгчийг чулуу, суварга босголгүйгээр үнэгүй оршуулах үйлчилгээ нэвтэрчээ. Талийгчийн ар гэрийнхэнд QR кодтой дурсгалын самбар өгөх ба кодыг уншуулж талийгчийн мэдээллийг харах боломжтой гэнэ.

Дижитал оршуулга зөвхөн Бээжин төдийгүй Шанхайд дэлгэрээд байна. Тус хотод саяхан онлайн Fu Shou Yuan бунхан нээгджээ. Энэхүү бунханд виртуал оршуулгын ёслол үйлдэх боломжтой. “Үүлэн дээрх диваажин” төслийн хүрээнд хүмүүс хорвоогоос хальсан хайртай хүмүүсийнхээ гэрэл зураг, дижитал актив, дуун файл бүхий виртуал арал байгуулах боломжтой. Нийт 20 кв м дижитал оршуулгын газарт 150 гаруй шарилыг багтаах боломжтой бол ийм хэмжээний газарт уламжлалт аргаар зургаан шарилыг л оршуулах боломжтой гэнэ. 2035 он гэхэд Хятадын эрх баригчид нийтийн оршуулгын газрын талбайг 70 хувиар багасгахаар төлөвлөж байна.

Сансарт нойрсож болно

АНУ-ын “Celestis” компани байгаль эхийн бус сансар огторгуйн нэгээхэн хэсэг болохыг санал болгож байна. Тус компани 1-3 грамм чандрыг дэлхийн тойрог зам, сар тэр бүү хэл сансрын уудамд илгээх үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээний өртөг нь 2.5 мянган ам.доллароос эхэлнэ. Харин чандар эсвэл ДНХ-ийн хуулбар бүхий савыг нарны сансар огторгуйн уудам руу илгээхэд 12.5 мянган ам.доллартой байх хэрэгтэй. Мэдээж хэрэг ийм оршуулгын үйл ажиллагааг байгальд ээлтэй гэж нэрлэх боломжгүй. Чандрыг сансарт илгээхэд их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгарах нь дамжиггүй.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.48) 2024 оны 09 сарын 28

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

0  |  0
DR. ADITYA(197.211.61.48) 2024 оны 09 сарын 28

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

0  |  0
Top