Хүн ам хөгшрөхийн хэрээр үхэл нь нэгэн төрлийн хурдацтай хөгжиж буй бизнес болжээ. Францын залуу бизнесменүүд энэхүү уламжлалт салбарт шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байна.
Максим Нори гэгч 32 настай залуу Францын Лион хотноо бизнесийн сургуульд суралцаж байхдаа хэсэг найзуудтайгаа нийлэн өөрсдийн гарааны бизнес хийх талаар бодож эхэлжээ. Олон салбарыг судалсны эцэст тэд өвөрмөц хэрнээ сонирхолтой зах зээлийг сонгосон нь үхэл байлаа. Бидний бодлоор энэ салбар нь хэн хүний ажиллаж, шинэчлэхийг хүсдэггүй, бидний яг сонирхож байсан тэр салбар байлаа гэж тэрбээр дурсана. Бизнесменүүдэд үл тоогдсон энэ салбарт ямар нэгэн боломж бий гэдэгт бид итгэж байсан гэж мөн ярьжээ. Тэдний зөв байв. Оршуулгын бизнес нь ирээдүйтэй салбар. Бусад олон үндэстний нэгэн адил Францын хүн ам хөгширч байгаа. Энэ нь нас баралтын түвшин нэмэгдэж буйг илтгэж байна. Францын Статистик, эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэнгийн мэдээллээр, 2050 онд нас баралтын тоо 770 мянгад хүрч, 2000 оны үзүүлэлтээс 240 гаруй мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Францад 2018 онд явуулсан судалгаагаар оршуулгын үйлчилгээний салбарын орлого 2006-аас 2016 оны хооронд 25 хувиар өсөж, энэ зах зээлийн үнэлгээ 2.5 тэрбум еврод хүрчээ.
Найман жилийн өмнө “Simplifia” компани 22 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлжээ. Гүйцэтгэх захирлаар нь Нори ажилладаг. Түүний компани оршуулгын ажлыг зохион байгуулах явцыг хөнгөвчилсөн программ хангамжийг нэвтрүүлж уй гашууд автсан гэр бүлд талийгаачийн тэтгэвэр, банкны дансыг хаах зэрэг ажлыг гардан гүйцэтгэж, тусалдаг байна. Тус компани өдгөө Францын 700 гаруй буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллаж байна.
Илүү хямд, илүү боловсронгуй
Өөр нэг “AdVitam” компани оршуулгын ажлын цахим хэлбэрийг санал болгож байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Филипп Мийралб /38 настай/ аавыгаа оршуулсны дараа энэ салбарт хүч үзэхээр шийджээ. Оршуулгын уламжлалт хэлбэр цочирдом, нүсэр бөгөөд хүнлэг бус байсан тул шинэ зүйл хийхийг хүссэн гэж тэрбээр ярьжээ. Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компанийн төлөөлөгч өндөр үнэтэй бараа, үйлчилгээгээ борлуулж, борлуулалтын шагналаа авахын төлөө ажиллаж буй борлуулагч мэт санагдаж байсан гэж Мийралб дурсжээ.
Уламжлалт буяны компаниудыг бодвол “AdVitam” компанийн үйлчилгээг авахын тулд биечлэн ирэх шаардлагагүй аж. Үйлчлүүлэгчид нь цахим шуудан эсвэл тус компанийн зөвлөхүүдтэй утсаар ярьж, авс зэргийг захиалж болдог бөгөөд үйлчлүүлэгчдээ илүү хямд, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээ санал болгодог байна. Түүнчлэн, тус компанийн ажилтнууд талийгаачийн банк, тэтгэвэр, олон нийтийн сүлжээн дэх дансыг хаах зэрэг баримт бичигтэй холбоотой ажлыг гүйцэтгэхэд нь тусалдаг гэнэ.
2016 онд байгуулагдсанаасаа хойш Мийралбын гарааны бизнес нийт 1500 буяны ажил зохион байгуулжээ. Үүнээс гадна “AdVitam” компани Европын хамгийн том “Station F” технологийн инкубаторын үйлчилгээ авах эрх олж авч, 1.8 сая еврогийн хөрөнгө босгож чаджээ. “Хүчтэй үнэт зүйлстэй, хүмүүст бодит үйлчилгээ санал болгосон нийгмийн шинжтэй төсөл байсан учир биднийг сонгосон байх гэж би бодож байна” гэж Филипп онцолжээ.
Хуучирсан зан үйл
Мийралб, Нори болон түүний хамтран зүтгэгч Баптист Даусси нар эртний уламжлалт зах зээлд шинэ үйлчилгээ, шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээр зорьж буй залуус. Оршуулгын зардалд зориулж мөнгө босгох цахим үйлчилгээ үзүүлдэг, талийгаачийн төрөл төрөгсдийн үнэр дээр тулгуурлан талийгаачийн үнэрийг санагдуулах үнэртэй ус хийдэг, талийгаачийн хөшөөн дээр QR код сийлж, талийгаачийн гэрэл зураг, дуртай дууг нь татаж авах боломжийг олгож буй гарааны бизнесүүд ч мөн бий болжээ.
Францын Буяны ажлын мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ричард Ферет сүүлийн таван жилд ийм төрлийн бизнес хийдэг олон гарааны компаниуд дампуурсан тул энэ салбарт гарч буй шинэчлэлийг сайшаадаг ч болгоомжилж байна. Хэдийгээр энэ салбар сүүлийн жилүүдэд тоон системд шилжиж эхэлж байгаа ч бусад салбарыг бодвол удаан. Оршуулгын бизнес ч тэр, үйлчлүүлэгчид ч тэр уламжлалыг хадгалсан хэвээр. Гарааны компаниуд цаг үе, зах зээлээсээ түрүүлсэн шинэлэг санаа гаргаж байна гэж тэрбээр тайлбарлажээ. Францын энэ зах зээлд шинээр хөл тавихад саад тотгор бий. Энэ зах зээл дээр гурван том групп давамгайлдаг бөгөөд тэтгэврийн сан гэгч санхүүгийн тоглогч хяналтаа тогтоожээ. Эдгээр нь олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй тоглогчид. Гарааны бизнес эрхлэгчид мөн цаг үе, технологиос хоцрогдсон уламжлалт зан үйл, тогтсон сэтгэлгээг тооцоолох шаардлагатай.
“Энэ бол бүх талаараа хуучирсан систем. Орон нутгийн төр, захиргааны байгууллагууд факс хэрэглэж, төлбөр тооцоогоо чекээр хийсэн хэвээр байгаа. Тийм ч хялбар биш шүү” гэж Мийралб учирлав. Илүү хямд, хялбар үйлчилгээ үзүүлэх боломж байгаа ч Францын улсын аудитор энэ оны хоёрдугаар сард оршуулгын үйлчилгээний үнэ 2500 еврогоос 4500 евро хүртэл нэмэгдсэн тухай мэдээлж байв.
Үйлчлүүлэгчдийн итгэл, үнэмшил
Норигийн “Simplifia” компани оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компаниудад өөрсдийн бүтээсэн программ хангамжийг сурталчлан, борлуулахад хүнд давааг давжээ. Талийгаачдын гэр бүл илүү хямд, илүү тохиромжтой үйлчилгээг эрэлхийлж байсан ч энэ салбарын мэргэжилтнүүд эхэндээ шинэ компаниудад таагүй хандаж байжээ. “Зарим нь биднийг энэ зах зээл дээр удаан ажиллаж чадахгүй хүүхдүүд гэж үздэг байсан. Гэхдээ олон жил уйгагүй зүтгэсний эцэст үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж чадсан” гэж Нори өгүүлэв.
“Simplifia”, “AdVitam” компанийн ажилтнуудын дундаж нас 30. “Simplifia” компанийн менежер Амели Толичидэсийн хэлснээр, тус компанийн үйлчлүүлэгч, түншүүд шинийг эрэлхийлдэг ч хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэггүй. Тиймээс залуучуудад шинэ зүйлийг хийж чадна гэж итгэл хүлээлгэдэг гэнэ. Францын хойд нутагт оршуулгын бизнес эрхэлдэг гэр бүлийн компанийн менежер Майкл Басдим тоон өөрчлөлтүүд энэ төрлийн үйлчилгээг боловсронгуй болгоно гэдэгт эргэлздэггүй. Тэрбээр өөрийн Facebook хаягаараа дамжуулан шинэ төрлийн авснуудыг сурталчлан, нас баралтын талаар шинэ мэдээлэл хуваалцдаг байна. Тэрбээр 3500 дагагчтай болжээ. Өнгөрсөн онд Басдим “Simplifia” компанийн программ хангамжийг ашиглан 220 буяны ажлыг зохион байгуулжээ. Урьд өмнө цаасан дээр гараар бичиж, цаг хугацаа ордог ажлыг энэхүү программын тусламжтайгаар хялбар хийж гүйцэтгэжээ. Мийрабл ч тэр, Нори ч тэр ирээдүйн талаар өөдрөгөөр төсөөлдөг. Тэд хоёулаа компаниудынхаа үйл ажиллагааг өргөтгөн, шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
“AdVitam” компани саяхан байгаль орчин ээлтэй үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээгээр дахин боловсруулсан картон буюу хатуу цаасаар хийсэн авсыг санал болгож буй. Түүнчлэн тус компани Парис хотын метроны буудлуудад “амар амгалан амралт”-ыг санал болгосон зурагт хуудсыг байршуулж, нэгэн өвөрмөц маркетинг явуулж эхэлжээ. Нори хэдийгээр энэ зах зээлийн хурдад дасан зохицож сурсан ч тэрбээр оршуулгын бизнесийг сонгосноор зөв сонголт хийсэн гэдэгтээ бүрэн итгэдэг гэж ярьжээ. Энэ бол бодит үйлчилгээ, бодит зүйл учир ажиллах урам зориг өгдөг гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )