Аравхан жилийн өмнө устөрөгчийг манай гарагийг аврах эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг байв. Устөрөгчийг ашиглахад нүүрсхүчлийн хий ялгардаггүйгээс гадна Н2-ыг хэд хэдэн аргаар гаргаж авах боломжтой. Харин өнөөдөр компаниуд шил шилээ даран устөрөгчийн төслүүдээ хааж байгаа бол устөрөгчийн түлшээр ажилладаг автомашины борлуулалт эрчимтэй унаж байна. Яагаад нэгэн үед ихээхэн найдвар тавьж байсан эрчим хүчний энэ эх үүсвэр хоосон мөрөөдөл болов?
Сүүлийн жилүүдэд Менделеевийн үелэх системийн хамгийн хөнгөн элемент болох өнгө, үнэр, амтгүй устөрөгч хэмээх хийг малтмал түлшнээс татгалзах үед эрчим хүчний гол эх үүсвэр гэж харж байсан. Тэр бүү хэл устөрөгчийг ашиглалгүйгээр энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэж чадахгүй мэт санагдаж байсан. Үүнтэй зэрэгцэн дэлхийн улс орнууд устөрөгчийн салбарт үндэсний стратеги, устөрөгч дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө баталж, шинэ төрлийн түлшийг дэлгэрүүлэхэд төсөв хүртэл гаргаж байсан үе саяхан.
2010-2020 оны зааг дээр дэлхий дээр “устөрөгчийн солиорол” ноёлж байлаа. Хэдийгээр устөрөгч дээр суурилсан эдийн засгийн үнэлгээнүүд ихээхэн зөрүүтэй байсан ч Н2-г гаргаж авах технологийн өртөг богино хугацаанд унана гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж байв.
Устөрөгч гаргаж авдаг электролиз төхөөрөмж үйлдвэрлэгч Норвегийн “NEL” компани 2025 он гэхэд эрчим хүчний ногоон эх үүсвэрийн үнийг нэг кг нь 1.5 ам.доллар болгон буруулна хэмээн 2021 онд амлаж байсан. Мөн онд устөрөгчийн салбарын өрнөдийн томоохон тоглогчдыг нэгтгэсэн “Energy Transitions Commission /ЕТС” байгууллага устөрөгч дээр суурилсан эдийн засгийн хэтийн төлөвийн талаар томоохон тайлан гаргахдаа 2030 он гэхэд ногоон устөрөгчийн үнэ ихэнх бүс нутагт нэг кг нь 2 хүрэхгүй ам.доллар болно хэмээн тооцоолж байсан нь бий. Үүнтэй ижил үнэлгээ олон байдаг.
Устөрөгч яагаад үнэд оров
Харин өнөөдөр өөдрөг үзэлтнүүд мэдэгдэхүйц цөөрчээ. Устөрөгчийн төсөлд хөрөнгө оруулагчид болон худалдан авагчид онолын үнэлгээнээс тэс өөр бодит байдалтай нүүр тулав. 2024 онд Нидерландын “TNO” судалгааны хүрээлэн тус улсын устөрөгч үйлдвэрлэлийн өртгийг судалсан байна. Судалгаагаар Европт үйлдвэрлэсэн электролизыг худалдан авахад тооцоолж байснаас өндөр үнэтэй болж таарав. Одоогоор ийм төрлийн 100 МВт хүчин чадалтай төхөөрөмж 3050 евро/кВт, 200 МВт — 2630 евро/кВт үнэтэй аж. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн зардал огцом өссөн байна. Эрчим хүч, түүхий эд, ажиллах хүчин үнэд оржээ. Зээлийн хүү, тээвэрлэлт, суурилуулалтын өртөг ч нэмэгдсэн байна. Улмаар Нидерландад гэхэд ногоон устөрөгчийн үнэ нэг кг нь 12-14 евро болсон нь таамаглаж байснаас хэд дахин өндөр байна.
Энэ оны долоодугаар сард “FTI Consulting” компани “Ногоон устөрөгчийн зах зээлийн үнийн дэлхийн загвар” тайлан нийтэлжээ. Ингэхдээ судлаачид ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн өртөг, далайн тээврээс авхуулаад хийн хоолойгоор дамжуулах хүртэл бүхий л төрлийн тээврийн зардлыг тооцоолоход 2030 он гэхэд устөрөгчийн үнэ нэг кг нь дунджаар 5.3 ам.доллар байхаар байна.
Устөрөгчийн төслүүд хэрхэх вэ
Дэлхий дахинд одоогоор нийт нэг мянга гаруй устөрөгчийн төсөл боловсруулалтын янз бүрийн шатанд явж байна. Гэвч ихэнх төлөвлөгөөнүүд цаасан дээр л байна. Мөн ихэнх төслүүдийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа бол санхүүжилт нь эхэлсэн зарим төслүүд хаагдаж байна. Төслийн өртгөөс гадна хөрөнгө оруулагчид борлуулалтын баталгаа байхгүй, дүрэм журамтай холбоотой саад бэрхшээл гээд олон асуудалтай нүүр тулж байна.
Устөрөгчийн зах зээлийн идэвхтэй тоглогч болох Европын Холбооны санаачилгад биелэх боломж үгүй гэж шинжээч онцолжээ. 2022 онд батлагдсан эрчим хүчний хөгжлийн “ЕС REPowerEU” төлөвлөгөө ёсоор Европ 2030 онд гэхэд жилд 10 сая тонн ногоон устөрөгч үйлдвэрлэх, мөн хэмжээний устөрөгч импортлохоор зорьж байв. Гэсэн хэдий ч 2024 оны дөрөвдүгээр сард Францын газрын тос, байгалийн хийн “TotalEnergies” ерөнхий захирал Патрик Пуянне Дэлхийн эдийн засгийн форум дээр Европын Холбоонд энэхүү зорилгодоо хүрэх боломж байхгүй хэмээн мэдэгдэв. Шалтгааныг нь тэрбээр тус зах зээл нь хөгжлийнхөө эрт үе шатанд явж байгаагаас гадна ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн зардал хэт өндөр байгаатай холбон тайлбарласан. Түүний энэхүү дүгнэлтийг Европын аудитын танхим мөн баталжээ.
2023 онд Италийн эрчим хүчний “Enel” корпорац ногоон устөрөгч үйлдвэрлэх хоёр хөтөлбөрөөсөө татгалзаж байв. Харин энэ оны гуравдугаар сард Испанийн “Iberdrola” компани 2030 онд Н2 үйлдвэрлэх төлөвлөгөөгөө бараг гурав дахин танасан бол наймдугаар сард Данийн эрчим хүчний “Оrsted” компани “цахилгаан метанол (e-methanol)” үйлдвэрлэх “FlagshipONE” төслөө хаажээ. Гэтэл тус төслийн судалгаанд зориулж 220 сая ам.доллар зарцуулсан байна. Шалтгаан нь технологийн аж үйлдвэржилт ба зах зээлийн ашгийн төлөөх үйл ажиллагаа нь хэтэрхий удаашралттай явж байгаатай холбоотой. Түүнчлэн төслийн өртөг нэмэгдсэнээр боломжит үнээр нийлүүлэлт хийх удаан хугацааны гэрээ байгуулах боломжгүй болсон байна. Есдүгээр сард Норвегийн газрын тосны “Equinor” тэргүүлэгч компани Германд хөх устөрөгч нийлүүлэх төлөвлөгөөнөөсөө ухрав. Шалтгаан нь өндөр үнэ, бага эрэлт
Үүнтэй зэрэгцэн Ойрх Дорнодын газрын тосны хаант улсууд ногоон устөрөгчийн зах зээлд томоохон байр суурь эзлэхээр зорьж байна. Олон сая тонноор хэмжигдэх олон тооны мега төслүүдээ зарлав. Гэвч энд ч мөн тийм ч дардан бус. Цөөн төслүүд л хэрэгжилтийн шатандаа орж байна. Тус бүс нутаг ч сүүлийн үед зардал өсөж байгаа талаар хөндөх болжээ. Тухайлбал, Саудын Арабын NEOM кластерт хэрэгжих магадлал өндөр мега төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбумаас 8.5 тэрбум ам.доллар болж өсжээ.
Устөрөгчийг хаана ашиглах вэ?
Устөрөгчийг хэрэглэх салбарыг тойрон хурц хэлэлцүүлгүүд өрнөдөг. Эрчим хүчний хэрэглээ өндөр хар төмөрлөг, химийн аж үйлдвэр зэрэг салбаруудын нүүрстөрөгчийн ялгарлыг хэмжээг бууруулахад устөрөгч шаардлагатай гэдгийг бүгд зөвшөөрдөг. Мөн Н2-ыг тээвэр, ялангуяа дулаан хангамжид ашиглах асуудал тавигддаг.
Устөрөгчийн түлш хэрэглэдэг автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд 2023 онд өмнөх оныхтой харьцуулахад 30.2 хувиар буурчээ. Японд гэхэд сүүлийн хоёр жилд ийм төрлийн автомашины борлуулалт 83 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл цахилгаан автомашины эрэлтийг гүйцэхгүй байна.
Тиймээс ялангуяа жижиг автомашин үйлдвэрлэлийн салбар дахь устөрөгчийн ирээдүй эргэлзээ төрүүлж байна. Ачааны автомашин үйлдвэрлэлд ч устөрөгч хэрэглэх нь эргэлзээтэй. Учир нь цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинтай үнийн хувьд өрсөлдөж дийлэхгүй.
Устөрөгчийн зах зээлийн ирээдүй маш тодорхойгүй байгаа хэдий ч эрчим хүчний салбар дахь устөрөгчийн үүрэг нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ 2050 он хүртэлх хугацаанд устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээний хэмжээ шинжээчдийн таамаглаж байсан шиг тийм өндөр байхгүй нь харагдаж байна.
Сүлийн жилүүдэд энэ салбарт тэргүүлэгчид солигдож байгааг дурдах хэрэгтэй. Технологийн хөгжил, төслийн хэрэгжилт, дотоодын зах зээлийн хөгжил, экспортын хэлэлцээрийн хэмжээнээс авч үзвэл Хятад, Энэтхэг зэрэг БРИКС-ийн гишүүн орнууд тэргүүлэгчдийн эгнээнд орж байна. Хятад улсад гэхэд электролизын үйлдвэрлэлийн 60 хувь төвлөрөөд байгаа бол Энэтхэг электролиз төдийгүй ногоон устөрөгчийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр орнуудад илүү хямд ногоон устөрөгч үйлдвэрлэх урьтал нөхцөл үүсээд байна. Өдгөө гагцхүү энэхүү давуу талаа хэрэгжүүлэхэд шаардлагатай үр ашигтай бизнес загвар, эрчим хүчний зах зээлийн дүрмийг боловсруулах л үлдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )