Хятадын Ардын чөлөөлөх арми “Хамтарсан илд – 2024В” нэртэй цэргийн хээрийн сургууль явуулж эхэллээ гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Дорнод бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч хурандаа Ли Си мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Тайванийн эргэн тойронд хийж буй уг хээрийн сургуулийн үеэр тус арлын гол гол боомтууд болон бүс нутгийг бүслэн хаах ажиллагаа явуулах бөгөөд энэ нь үндэсний бүрэн эрхт байдал хийгээд үднэсний нэгдмэл байдлыг сахин хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай, хууль ёсны ажиллагаа ажээ.
Тайванийн эрх баригчид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг ганхуулах “цэргийн өдөөн хатгасан” ажиллагаагаа зогсоохыг эх газрын Хятадын эрх баригчдад уриалж байна гэж Тайванийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Го Яхуэй Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилтыг тайлбарлахдаа мэдэгдэв.
“Өнөөдөр Дэлхийн хамтын нийгэмлэг Тайванийн хоолойд болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар өндөөр дээд түвшинд санал нэгдээд байгаа билээ. Иймд Хятад улс энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах аюултай цэргийн өдөөн хатгасан ажиллагаагаа зогсоох ёстой” гэж Го Яхуэй тэмдэглэсэн байна.
Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний үлдэгдэл Хятад дахь иргэний дайнд ялагдаж, Тайвань арал руу зугтан очсон 1949 оноос хойш Тайвань нь өөрийн засаг захиргаатай явж ирсэн юм. Хятадын эрх баригчид Тайванийг БНХАУ-ын нэг муж гэж үздэг билээ.
БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайванийн эргэн тойронд цэргийн хээрийн сургуулилт хийж байгаатай холбогдуулан АНУ-ын засаг захиргаа үйл ажиллагаагаа тус бүс нутаг дахь холбоотон, түншүүдтэйгээ уялдуулан явуулж байна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албанйы дарга Мэттью Миллерийн бичгээр гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
“Хүлээцтэй байж, Тайванийн хоолойд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг ганхуулж болзошгүй ажиллагаа явуулахаас зайлсхийхийг бид БНХАУ-д уриалж байна. Жил бүр тавьдаг ердийн нэг илтгэлийн хариуд БНХАУ өдөөн хатгасан цэргийн сургуулилт хийж байгаад АНУ-ын эрх баригчид сэтгэл зовинож байна. АНУ “Нэг Хятад” байна гэсэн эртний бодлогоо хэвэр баримталж байгаа билээ” гэж Америкийн дипломатч онцолсон байна
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Циндэ аравдугаар сарын 10-нд тавьсан илтгэлдээ Тайванийн хоолойд статус-квог сахин хамгаалах Тайванийн хүчин чармайлт өөрчлөгдөхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Тайвань нь бүрэн эрхт байдлаа хамгаалсаар байх ажээ.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 1 )
АНУ сайндаа бишшүүдээ. Тэнд өөрсдийн ноёрхлоо алдахвий л гэсэндээ ....