Ши Жиньпин Тайванийн Гоминдан намын тэргүүнтэй уулзав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжин хотноо Тайванийн сөрөг хүчний Гоминдан намын дарга Чэн Ливенийг хүлээн авч уулзсан тухай Хятадын төв телевиз дамжуулжээ.

Гоминдан намын даргын хувьд сүүлийн 10 жилд эх газрын Хятадад хийж буй анхны айлчлал юм. Энэ сарын 12-н хүртэл үрэлжлэх энэхүү айлчлал нь Тайванийн хоолойн хоёр тал хоорондын солилцоог бэхжүүлэхэд чиглэж байна.

Чэн Ливэнь Бээжин Тайваньд цэргийн дарамт шахалтаа чангатгаж байгаа энэ үед хийж буй айлчлалаа “Энх тайвны төлөөх аялал” хэмээн тодорхойлж байв.

Уулзалтын үеэр Ши Жиньпин өнөө цагт дэлхий дахин тайван бус байгаа тул энх тайван маш үнэ цэнтэй байна гэж онцлоод Тайванийн хоолойн хоёр эрэг дээрх элэг нэгтнүүд энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааг эрмэлзсэн нэг гэр бүлийн гишүүд юм гэж мэдэгджээ. “Энэ бол манай ард түмний нэгдмэл дуу хоолой. Хоёр намын удирдлагууд өнөөдөр нэг эх нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хоёр эргийн харилцааг энх тайвны замаар хөгжүүлэх, хойч үедээ гэрэлтэй, сайхан хамтын ирээдүйг хангах зорилгоор уулзаж байна” гэж Ши Жиньпин онцолжээ.

Чен Ливэнь хоёр намын хүчин чармайлтын үр дүнд Тайванийн хоолой болзошгүй мөргөлдөөний голомт болох, гаднын хүчнүүдийн оролцоо бүхий шатрын хөлөг болохгүй ёсгүй гэж мэдэгдсэн байна. Тайванийн хоолойн хоёр тал яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бий болгох ёстой гэж тэр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top