Тайванийн сонгуулийн геополитикийн үр дагавар

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

Тайванийн Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигч Лай Циндэ 40.05 хувийн саналаар арлын ерөнхийлөгчийн /захиргааны тэргүүн/ сонгуульд ялалт байгуулаад байна. Гоминдан намын нэр дэвшигч Хоу Юи 33.49, Тайванийн ардын намын нэр дэвшигч Кэ Вэньжэ 26.46 хувийн саналаар удаалав. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн явсан парламентын сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам /АДН/ олонхын суудлаа алдаж, ялагдал хүлээлээ. Арлын тусгаар тогтнолын төлөөх байр суурийг тууштай баримталдаг Лай Циндэ энэ асуудлаар эрс шийдэмгийн алхам хийхгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна. Ямартаа ч санал хураалтын үр дүн Тайванийн оршин суугчид ардчиллыг сонгож буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа.

Тайвань дэлхийн ардчилсан улс орнуудтай мөр зэрэгцэн урагшилсаар байх болно гэж санал хураалтын үр дүнг танилцуулсны дараа Лай Циндэ мэдэгдэв.

Арлын тусгаар тогтнолыг дэмждэг Лай Циндэ “тусгаар тогтнолыг тунхаглах шаардлагагүй, учир нь Тайвань нь Хятадын Бүгд Найрамдах Улс нэртэй тусгаар улс юм” хэмээн сонгуулийн өмнө мэдэгдэж байв. Бээжин, арлын харилцааны асуудлыг хөндөхдөө тэрбээр арлыг Хятадын зүгээс ирэх аюул, заналхийллээс хамгаална хэмээн амлав. Ингэхдээ тэрбээр Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хариуцлага өөрт нь оногдож буйг онцлоод харилцан хүндэтгэсэн, эрх тэгш байдлыг хангасан тохиолдолд Бээжинтэй хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Лай Циндэ ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч буй Цай Инвэний явуулж байсан гадаад болон батлан хамгаалах бодлогыг өндрөөр үнэлж, түүний эл бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Шийдвэрлэх дуу хоолой

Лай Циндэ ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч эрх баригч нам парламентын сонгуульд түүний эл амжилтыг давтаж чадсангүй. Санал хураалтын дүнгээр сөрөг хүчний Гоминдан нам 52 суудал авч тэргүүлсэн бол АДН 10 суудлаа алдаж, 51 суудал аваад байна. Тайванийн ардын нам найман суудал авчээ. Парламентад олонхыг бүрдүүлэхэд 57 суудал шаардлагатай тул Гоминдан, Тайванийн ардын нам эвсэл байгуулахыг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Энэ тохиолдолд Лай Циндэ-гийн Бээжингийн талаар баримталж буй хатуу байр суурийг хэд хэдэн асуудлаар тэнцвэржүүлэх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Гадаад бодлогын тал дээр шийдвэр гаргахад ерөнхийлөгч шийдвэрлэх үүрэгтэй ч тодорхой асуудлаар тус эвсэл мөн ижил үүрэг гүйцэтгэх боломжтой. Тухайлбал, төсөвт хяналт тавих үүргийнхээ хүрээнд парламентын гишүүд цэргийн төслүүдийг гацаах боломжтой. 2000-аад оны эхээр парламентын сөрөг хүчин АНУ-аас зэвсэг худалдан авахад зориулсан төсвийг батлахыг дэмжээгүй. Тэр үеийг бодвол Гоминдан нам салан тусгаарлах тал руу илт хэвийгээд байгаа.

Сонгуулиас өмнө Хоу Юи, Кэ Вэньжэ эвсэл байгуулах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс парламентад эвсэл байгуулах санаа энэ удаа ч мөн бүтэлгүйтэж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Олон улсын байр суурь

Сонгуулийн дүнгээр Бээжин байр сууриа илэрхийлсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Чэнь Биньхуа АДН арал дахь нийгмийн олонхын санаа бодлыг төлөөлж чадахгүй хэмээн мэдэгдээд БНХАУ-ын эрх баригчид арлыг тусгаар тогтнуулахад чиглэсэн гаднын хүч, салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг эсэргүүцэн зогсоно хэмээн онцолсон билээ.

Бээжин хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын харилцааг энхийн замаар хөгжүүлэх, үндэстний нэгдлийг хангах зорилгоор Тайванийн улс төрийн нам, бүхий л хүрээний төлөөлөлтэй хамтран ажиллана хэмээн Чэнь Биньхуа мэдэгджээ.

АНУ мөн сонгуулийн үр дүнгээр байр сууриа илэрхийлэв. Тус улсын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Лай Циндэд ялалт байгуулсанд баяр хүргэж, Вашингтон “Нэг Хятад” зарчмын хүрээнд түүнтэй хамтран ажиллахад бэлэн хэмээн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчийн асуултад хариулахдаа Цагаан ордон Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэггүй хэмээн онцолсон байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон Х сүлжээгээр дамжуулан Лай Циндэд баяр хүргээд Конгрессын холбогдох байнгын хороодод хандан тавдугаар сард Тайвань айлчлах төлөөлөгчдийг тэргүүлэх хүсэлт тавина хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Москва Тайванийг Хятадын салшгүй нэг хэсэг хэмээн үздэг гэж онцолжээ. Түүний хэлснээр, Тайванийн асуудал нь Хятадын дотоодын хэрэг. Тайванийн сонгуулийг ашиглан Бээжинд дарамт шахалт үзүүлэх, нөхцөл байдлыг ганхуулах гэсэн зарим улсын оролдлого үр дүнд хүрэхгүй бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс буруутгах ёстой гэжээ.

Хятадтай сөргөлдөхийг хэн ч хүсэхгүй

Арлын сонгуулийн хуулийн онцлог Лай Циндэд ялалт байгуулах боломж олгосон гэж шинжээчид онцолсон байна. Лай Циндэ нь цөөнхийн ерөнхийлөгч. Тайванийн сонгуулийн хуулиар санал хураалтыг нэг үе шаттай зохион байгуулна гэж заасан тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болдог. Хэрэв Хоу Юи, Кэ Вэньжэ нар эвсэл байгуулж, сонгуульд оролцсон бол ялах магадлал өндөр байлаа.

Лай Циндэ болон түүний АДН-ын авсан саналын зөрүүг сонгуулийн тогтолцооны онцлогоос гадна сонгогчид парламент болон ерөнхийлөгчийн сонгуульд өөр зорилго, санаа бодлын үүднээс санал өгдөгтэй холбоотой гэж ажиглагчид тайлбарлажээ. Ерөнхийлөгчөө сонгохдоо сонгогчид юуны өмнө Хятад, АНУ-ын талаар баримтлах бодлогын тухай боддог. Харин парламентын гишүүдийг сонгоход орон нутгийн шинжтэй олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүний сацуу Гоминдан нам орон нутагт зохион байгуулалтын сайн бүтэцтэй учир илүү санал авахад нөлөөлжээ.

Лай Циндэ өмнөх ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдэгт ажиглагчид санал нэг байна. Цай-г бодвол Лай Циндэ арлын тусгаар тогтнолын асуудлаар илүү хатуу байр суурийг баримтлах талтай ч энэхүү бодлогод ноцтой өөрчлөлт орно гэж шинжээчид үзэхгүй байна. БНХАУ-тай сөргөлдөхийг хэн ч хүсэхгүй гэдгийг арлын тусгаар тогтнолыг дэмжигчид ч хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч Бээжингийн хувьд түүнтэй дайсагнадаг улс төрийн нам гурав дахь удаа төрийн эрхийн үлдсэн нь мэдээж хэрэг таатай бус хандаж байгаа.

Үүнээс гадна Лай Циндэгийн бодлогод гаднын хүчин зүйлс нөлөөлнө хэмээн ажиглагчид таамаглаж байна. Сүүлийн үед өрнөдийн орнууд Тайванийг илүү ихээр дэмжих болсон. Үүний хариуд Хятад ч мөн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Тиймээс Лай-г илүү ширүүн алхам хийхэд хүргэж болзошгүй. Сонгуулийн дүн Тайванийг тойрсон асуудлыг таамаглахад илүү хүнд болгож байна. Ямартаа ч АДН найман жилийн турш Тайванийн засаг захиргааг тэргүүлж байгаа. Энэ хугацаанд талуудын харилцаа хязгаарлагдсан ч ямар нэгэн ноцтой зүйл тохиогоогүй. Тиймээс Лай-н үед ч эх газрын Хятад, Тайванийн харилцаа ноцтой хэмжээнд тулахгүй байх гэж шинжээчид найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tun sain shuu(66.181.184.203) 2024 оны 01 сарын 16

hoer hyataduud hoorondoo ingej baival mongol uls taivan untan daa. hoorondoo ingej daisagnaj amerikuud yponuud taivaniig demjeed baival bvr sain shuu. mongol ter hoorond hvcherheg boloh l hereg bnaa..

0  |  0
Top