БНХАУ болон Хятадын коммунист намд үнэнч байхаар тангараг өргөсөн цэргийн албан хаагчдад шийтгэл ногдуулах хуулийн төслийг Тайванийн батлан хамгаалах яамнаас Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байна гэж Тайпэй Таймс сонин мэдээлсэн байна.
Хятадын эрх баригчдын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон Тайванийн цэргийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн ажээ. Хэлсэн үг, мэдэгдэл, үйлдэл, гэрэл зураг, цахим бичлэг болон бусад арга замаар БНХАУ болон ХКН-д үнэнч байхаар тангараг өргөсөн цэргийн албан хаагчдад нэгээс долоон жил хүртэл шоронд хорих шийтгэл ногдуулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.
Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчооноос 2025 оны нэгдүгээр сард мэдээлснээр, эх газрын Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон хүний тоо 2023 онд 48 байсан бол 2024 онд 64 болж огцом өссөн аж. Ингэхдээ ийм хэргээр хариуцлагад татагдсан хүмүүсийн олонх нь чөлөөнд гарсан болон одоо алба хааж байгаа цэргийн албан хаагчид байдаг гэнэ.
Тайванийн батлан хамгаалах яамны мэдээлснээр, ихэнх тохиолдолд цэргийн албан хаагчдыг мөнгө, хөрөнгө оруулалт юм уу мөрийтэй тоглоомын тусламжтайгаар Бээжинтэй хамтран ажиллахад хүргэдэг ба БНХАУ-д үнэнч байхаа илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурах юм уу дүрс бичлэг хийлгэхийг тэдэнд санал болгодог ажээ.
Сэтгэгдэл ( 0 )