АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бага Роберт Кеннеди Висконсин болон Мичиган муж улсуудад сонгуулийн саналын хуудаснаас нэрийг нь хасахаас татгалзсан Дээд шүүхийн шийдвэр нь сонгуулийн үйл явцыг будлиантуулах, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын төлөө өгөх саналын тоог цөөрүүлэх зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Энэ бол Трампын төлөө саналаа өгөх магадлалтай хүмүүс миний төлөө саналаа өгч, сонголтоо үнэ цэнгүй болгоно хэмээн найдсан цэвэр улс төрийн алхам юм. Үүнд бүү хууртаарай. Хэрэв та Висконсин юм уу Мичиган муж улсад амьдардаг бол миний төлөө биш Дональд Трампын төлөө саналаа өгөөрэй” гэж бага Роберт Кеннеди X (Twitter) хуудастаа бичсэн байна.
Саналын хуудаснаас нэрээ хасуулахыг хүссэн бага Кеннедийн өргөдөлд АНУ-ын Дээд шүүх татгалзсан хариу өгсөн ажээ.
Висконсин болон Мичиган муж улс нь Ардчилсан нам, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн тоо бараг тэнцдэг савлагаатай муж улсуудын тоонд ордог болохоор энд нэр дэвшигчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөх бөгөөд үр дүн нь ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнд нөлөөлж болзошгүй юм. Бага Кеннеди ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч буйгаа зарлаж, Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )