Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт энэ сарын 23-25-ны өдрүүдэд Парис хотноо тус байгууллагын шинэ ерөнхийлөгч Элиса Дэ Анда Мадразогийн удирдлага дор боллоо. Чуулга уулзалтаар ФАТФ-ын олон улсын сүлжээний 200 гаруй улс орны төлөөлөл, олон улсын байгууллагуудын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр голлох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэгдсэн хуралдааны үеэр ФАТФ-аас санхүүгийн хүртээмжийн асуудлуудад чухал ач холбогдол өгч буй талаар онцолсон бөгөөд ФАТФ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын олон талт байдлыг сайжруулах хүрээнд чуулга уулзалтад анх удаа Кайманы арлууд болон Сенегал Улсын төлөөллийг урьж оролцуулсан. Түүнчлэн санхүүгийн хүртээмжтэй холбоотойгоор стандартуудад орж буй өөрчлөлтөд олон нийтээс санал авахаар байршуулах шийдвэрийг чуулга уулзалтаар шийдвэрлэв.
ФАТФ-аас улс орнуудыг эрсдэлээ бүрэн таньж ойлгоход дэмжлэг болгох зорилгоор “Үндэсний эрсдэлийн үнэлгээ”-нд холбогдох шинэ гарын авлагыг баталсан. Түүнчлэн хил дамнасан төлбөрийн системтэй холбоотойгоор стандартад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцэж, шинээр бий болж буй терроризмыг санхүүжүүлэх эрсдэлүүдийг тодорхойлох чиглэлээр ахиц гарган ажилласан тухай онцоллоо. Мөн ФАТФ-аас Латин Америкийн бүсийн санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (GAFILAT)-тай хамтран Аргентин Улсад гүйцэтгэсэн харилцан үнэлгээний тайлан, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (MENAFATF)-тай хамтран Оман Улсад гүйцэтгэсэн харилцан үнэлгээний тайлангуудыг тус тус баталснаар дөрөвдүгээр шатны харилцан үнэлгээг дуусгаж, томоохон үйл явдлыг гэрчиллээ. Цаашид ФАТФ-аас тавдугаар шатны харилцан үнэлгээг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж илүү үр дүнтэй, эрсдэлд суурилсан үнэлгээг гүйцэтгэхийг зорьж ажиллах юм.
“Хар” ба “Саарал” жагсаалтад орсон өөрчлөлтүүд:
Энэ удаагийн чуулга уулзалтаар ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Алжир, Ангол, Кот-д’Ивуар улсуудыг оруулсан бол Сенегал Улсыг өөрсдийн мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлэхүйц ахиц гаргаж, стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн гэж дүгнэн "саарал" жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна. Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна. ФАТФ-ын "хар" ба "саарал" жагсаалтад орсон улсуудын шинэчлэгдсэн жагсаалт.
Сэтгэгдэл ( 0 )