Өчигдөр Маршал Г.К.Жуковын мэндэлсний өдөр тохиожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

 

1896 оны 12-р сарын 1-нд Зөвлөлтийн домогт цэргийн жанжин, Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, "Ялалтын маршал" Георгий Константинович Жуков мэндэлжээ. Тэрээр милитарист Японыг бут ниргэх, нацист Германыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

1918 оны намар Георгий Жуков Улаан армид элсэн ороод Иргэний дайны үеэр салаа цэрэг, эскадрон командалж байжээ. Тэрээр морин цэргийн командлагчдын ахисан түвшний сургалт, дараа нь ахлах командлагчдын дамжаанд хамрагдсан байна. Дамжаагаа төгссөний дараа Георгий Жуков албан тушаал хурдан дэвшиж эхэлжээ. Томилогдон очсон бүх албан тушаалдаа тэр өөрийгөө чадварлаг зохион байгуулагч гэдгээ харуулсан бөгөөд түүний тэргүүлж байсан анги нэгтгэлүүд байнга цэргийн бэлтгэлийн өндөр амжилт үзүүлж байсан юм.

Цэргийн алдарт удирдагч анхны томоохон ялалтаа 1939 онд Халхын голд байгуулсан юм. Георгий Жуковын шийдэмгий үйл ажиллагааны ачаар Японы армийг бүслэн авч устгасан юм. Японы удирдлага ЗСБНХУ руу өргөн цар хүрээтэй довтлох төлөвлөгөөгөө орхисон гол шалтгаануудын нэг бол Халхын голын байлдаан байсан юм. Монголын тал нутагт ялалт байгуулсныхаа төлөө Георгий Жуков анхны ЗХУ-ын баатар цол, армийн генерал хэмээх цэргийн цол хүртжээ.

Жуковын цэргийн жанжны авьяас билэг Аугаа их Эх орны дайны үед буюу Дээд ерөнхий командлагчийн орлогчийн албыг хашиж байхад нь хамгийн тод томруун илэрсэн байна. Георгий Константиновичийн сэтгэлийн хөөрөлгүй, нарийн тооцоотой удирдлага болон цэргүүдийн баатарлаг гавьяа нь дайны эхний хүнд хэцүү саруудыг даван туулах боломжийг олгосон билээ. Нацистуудын Москваг чиглэж байсан замд цэргийн нэгтгэл бараг үлдээгүй тул яаралтай нөөц ангиуд цуглуулж, шинэ анги нэгтгэлүүдийг байгуулах шаардлагатай байсан эгзэгтэй нөхцөлд тэрээр фронтыг удирдаж байв. Чухамхүү түүний удирдлага дор 1941 оны 8-р сард Ельня хотыг чөлөөлсөн нь нацизмын эсрэг дайнд ЗХУ-ын анхны ялалт болсон юм.

Жуковын стратегич сэтгэлгээний ачаар Зөвлөлт-Германы фронтын хамгийн хүнд хэцүү хэсгүүдэд нөхцөл байдлыг засаж байсан юм. Георгий Константинович Ленинград хот эзлэгдэхээс сэргийлж, Москваг хамгаалахад шийдвэрлэх хувь нэмэр оруулж, Курскийн тулалдаанд дөрвөн фронтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, Днепр, Корсун-Шевченко, Беларусь, Висла-Одерын тулалдаанд оролцсон юм.  Тэр Берлин рүү довтлох үеэр 1-р Беларусийн фронтыг командалж, Герман үг дуугүй бууж өгөх ажиллагаа болон Ялалтын анхны түүхэн ёслолын жагсаалыг хүлээн авсан зэрэг нь ихээхэн утга учиртай байсан юм.

1943 оны эхээр Георгий Жуковын шууд удирдлага зохион байгуулалтаар Ленинградын бүслэлтийг сэтлэсний дараа түүнд ЗХУ-ын Маршал цол олгосон байна. Тэрээр 1944 онд хоёр дахь, 1945 онд гурав дахь ЗХУ-ын баатар цолны алтан таван хошуугаа хүртжээ. Дайны жилүүдэд тэрээр хоёр удаа цэргийн жанжны дээд “Ялалт” одонгоор шагнуулж байжээ.

Дайны дараах үед Жуков ЗХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, дараа нь сайдаар ажиллаж, Зөвлөлтийн армид томоохон шинэчлэл өөрчлөлт хийсэн юм.

Георгий Константиновичийн дуртгал бичгээс: «Миний хувьд хамгийн гол зүйл бол Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэх явдал байсан. Мөн чин сэтгэлээсээ хэлэхэд би энэ үүргээ биелүүлэхийн тулд бүхнийг хийсэн... Би ард түмэндээ тусалж байна гэдэг итгэл үнэмшлээр энэ амьдарлаа туулсан. Энэ бол ямар ч хүний амьдралын тэргүүн зүйл юм».

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 16 цагийн өмнө

TSERGUUDIIN AMIIG HAIRLAJ MEDDEGGUI BUUNII SUMNII UUDUUS TUUDAG BSAN HARGIS OROS SHUU DEE

0  |  0
Top