Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2024.12.27) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 13 цаг 25 минутад эхэлж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг санал хураалгах томьёоллын хамт Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдэд тараасныг хэлээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналын томьёоллуудаар санал хураалт явуулна гэв.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, олон жил хүлээгдсэн том төслүүд ийнхүү эрчимжиж байгааг дэмжиж, бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах шаардлагын талаар Н.Батсүмбэрэл гишүүн илэрхийлээд Зам, тээврийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас хэлэлцээрийн үр дүнгийн талаарх байр суурийг нь тодрууллаа.
Хоёр улсын Засгийн газрын комисс хооронд 2009 оноос хойш яригдаж түүнээс хойш шийдэл хүлээж, олон шалтгаанаар өнөөдрийг хүрсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ удаа гаргалгааг нь олж, шийдвэрлээх ажиллаж байгаа хэмээн Ц.Туваан сайд хэлээд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийж байж 30 сая тонноос доошгүй нүүрс экспортлох, улмаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дараа нь үе шаттайгаар Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хил холболтуудыг хийснээр боомт бүрээр 10 сая тонноос доошгүй нүүрсийг экспортод гаргах нөхцөл бүрдэнэ. Энэхүү тогтоолын төслийг баталсны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг батлахаар ажиллана” гээд хоёр талт хэлэлцээр учраас цаг хугацааны талаар тодорхой хэлэх боломжгүй хэмээлээ. Засгийн газраас хэрэгжүүлэхээр ажиллаж буй 14 мега төслийг хэрэгжүүлэхэд түлхүүр нөхцөл нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт байх болно гэдгийг тэрбээр тэмдэглэсэн.
Энэхүү төсөлд тусгагдсан асуудлуудыг тохиролцох гэж 60 удаагийн уулзалт хийсэн талаараа Б.Дэлгэрсайхан сайд дуулгаад, зарим саналын томьёололтой холбогдуулан түүнээс үүдэх нөхцөл байдлын талаар саналаа хэлсэн. П.Сайнзориг гишүүн, хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн бол Д.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын гишүүд зарим томьёололтой холбогдуулан санал хэлсэн, Б.Мөнхсоёл гишүүн ил тод байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг хэрхэн тусгах талаар тодруулж байв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ өмнөговийн хулгайч луйварчинг зайлжулхач. Энэ тннэг эдийн засгийн наад захын категори аргачлал нэр усыг юуч мэдэхгүй. Үүнийг зайлжжлж мэргэжлийн хүн тавиач. Тэгээд ч нүүрсний хулгайч 40 их наядын хэрэгтэн сууж бгааг юу гэх вэ????