Анагаах ухааны доктор, эрүүл ахуйч эмч Х.Жамбалмаатай ярилцлаа. Тэрбээр өдгөө Энэтхэг, Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирлаар ажиллаж байна. Х.Жамбалмаа эмч ЭМЯ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагад ажиллаж байсан, АНУ-ын Брэндэйзийн их сургуульд “Олон улсын эрүүл мэндийн менежмент”–ээр мастерын зэрэг, TUFTS-ын их сургуулийн Фрейдмений нэрэмжит хоол тэжээлийн сургууль болон Флетчерийн нэрэмжит олон улсын харилцааны сургуулиудын хавсарсан мастерын зэргийг хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамгаалж, 2011 он хүртэл АНУ-ын Брэндэйзийн их сургуулийн эмэгтэйчүүд судлалын хүрээлэн, Хеллерийн нэрэмжит нийгмийн бодлого ба менежментийн сургуулийн зочин судлаачаар уригдан ажиллаж байсан юм.
ЦАГААН ИДЭЭНИЙ ХӨГЦ, МӨӨГӨНЦӨР ӨӨРӨӨСӨӨ ХОР ЯЛГАРУУЛЖ ЭЛЭГ ӨВЧЛҮҮЛДЭГ
-Таны Казахстаны Хоол тэжээлийн академид докторын зэрэг хамгаалсан сэдэв ялангуяа монголчуудын анхаарлыг маш их татахаар юм. “Цагаан идээний хөгц, мөөгөнцрийн бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвтэй юм байна шүү дээ?
-Хуучин цагт бол цагаан идээний хөгц сайн гэдэг байлаа. Гэтэл тэр нь огт гэм хоргүй зүйл биш л дээ. Тэр байдлыг болиулахын төлөө цагаан идээний хөгц судлаж, судалгаа, шинжилгээ хийж, 1996 онд 28 насандаа Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Тухайн үед Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба гэж Засгийн газрын тохируулагч агентлаг байхад би эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга, орлогч дарга зэрэг ажил эрхэлж байсан.
-Хөдөөний зарим хүн ааруул, бяслагны хөгц сайн гээд идэж байгаа харагддаг...
-Цагаан идээ ер нь маш амархан хөгцөрдөг. Хөгц, мөөгөнцөр өөрөөсөө хор ялгаруулна. Тэр хор нь хүний эрүүл мэндэд их сөрөг нөлөөтэй. Ялангуяа элэгний анхдагч өмөн үү үүсгэдэг. Элэгний В,С вирус гээд л ярьдаг. Гэтэл хоол хүнснээс шалтгаалсан элэгний цирроз, хавдар бас их бий. Үүнийг манайхан мэддэггүй, тоодоггүй юм.
-Хоолоо зохицуулж, ходоодоо захирч сурах нь чухал юм даа, тийм ээ?
-Хүний биед гаднаас орж ирж байгаа зүйл бол хүнс, ус хоёр. Тэгээд амьсгалж буй агаар. Эдгээрийн аюулгүй байдал маш чухал. Хүнснээс шалтгаалсан өвчлөл нийт өвчний 70 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс хоол, унд ходоод дүүргэх зүйл бус, биед шимтэй эм болох учиртай. Бас эм байна. Эмийн хэрэглээ нэг үе маш ноцтой болсон. Сая л жортой, жоргүй эм гэж ялгаж салгаж өгдөг боллоо шүү дээ.
Халдварт бус өвчнөөр манай улсын хүн амын хоёр сая орчим нь буюу 60 хувь нь өвддөг гэж манай салбарын статистик байдаг. Хэрэг дээрээ эм, хүнсний аюулгүй байдал алдагдаж, үүнээс уламжлаад хавдрын өвчлөл өсөж байна.
-Хүн амын бараг гуравны хоёр нь халдварт бус өвчтэй гэхээр ноцтой хэмжээ сонсогдож байна. Эдгээрээс ямар өвчин түгээмэл байгаа вэ?
-Халдварт бус өвчинд зүрх судас, таргалалт, чихрийн шижин ч багтана. Үүнээс сэргийлэхийн тулд нийт хүн амаа өвчлөлөөс сэргийлж, хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх ажил хийх нь хамгаас чухал. Тэгэхийн тулд нийгмийн эрүүл мэндэд мөнгө зарцуулах шаардлагатай. Энд хоёр асуудал бий. Нэгд, хүнийг өвчлүүлэхгүй, эрүүл байлгах. Нөгөө нь нэгэнт өвчилсөн хүмүүсийг оношлох, эмчлэх, эдгэрүүлэх асуудал. Хүний өвчлөх шалтгааныг арилгахгүй байж дан ганц эмчлэх талд анхаараад байхад үр дүн гарахгүй. Урьдчилан сэргийлэхэд, өвчлүүлэхгүй байхад анхаарахгүй бол өвчлөл нэмэгдээд л байна.
Дэлхийн ихэнх оронд Хүнс, эмийн агентлаг гэж хамтдаа байдаг. Харин өвчин судлалын агентлаг нь тусдаа. Монголд ч Хүнс, эмийн нэгдсэн агентлаг байх ёстой гэж боддог.
-Тийм агентлаг байхын ач тус юу билээ?
-Энэ үгүйгээс хяналт тавилаа гэхэд зүгээр л механик байцаан шалгах процесс болчихдог. Элэгний өвчлөлийг аваад үзэхэд архины хэрэглээ, хөгц, мөөгөнцрийн бохирдол, элдэв химйн бохирдол, гадаас оруулж ирж байгаа импортын хүнсний аюулгүй байдал гээд олон зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд тандалт, эрсдлийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, хэрэглэгчдийн боловсрол гээд олон асуудлыг цогцоор шийдэх ёстой. Гэтэл энэ салбар дундаа тарамдаад өнгөрч байна шүү дээ.
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ГОЛ ШАЛТГААНЫ НЭГ НЬ ӨӨХ, ТОС ИХТЭЙ МАХ
-Хоол хүнсний зөв хэрэглээг хүүхдийн бага наснаас анхаарах хэрэгтэй байх. Гэтэл хүүхдээ буруу хооллож, чихэр ихтэй, хийжүүлсэн янз бүрийн зүйл ам руу нь хийх боллоо шүү дээ...
-Тийм болсон. Хүүхдэд хэтэрхий их чихэрлэг зүйл өгөхөөр хэт идэвхтэй, хөөрүү болдог. Цусанд нь чихэр их орохоор тэр. Гэтэл манай импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүн дотор хэчнээн их чихэрлэг зүйл байна вэ. Жимс, ногоо идэх байтал чихрээр орлуулчихдаг. Дээр нь фруктоз, глюкоз гээд “хуурамч” чихэр маш их идүүлдэг. Тэр нь чихрийн шижингийн шалтгаан болдог.
-Хуурамч чихэртэй бүтээгдэхүүн гэдэгт юу юу орох вэ?
-Дэлгүүрт зөгийн балтай цайнууд байгаа. Хэрэг дээрээ зөгийн балны хиймэл үнэр,амт оруулсан зүйл. Шошгон дээр нь биччихсэн. Энэ бүтээгдэхүүнд тийм тийм зүйлийн амт, үнэр оруулсан, фруктоз, глюкоз, эрдэнэ шишийн сироп агуулсан, жинхэнэ зөгийн бал биш шүү гээд. Гэтэл үүнийг хүмүүс ойлгож, мэддэггүй. “Хямдхан зөгийн бал байна, ашгүй” гээд аваад уучихдаг. Энэ нь чихрийн шижингийн нэг гол хүчин зүйл болох жишээтэй. Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутагдаж байгаагаас ингэж байгаа хэрэг. Хүнс гэдэг чинь тариалангийн талбай, малын бэлчээрээс гарч, үйлдвэрлэлээр орж, боловсруулалт хийгдэж, бүхэл бүтэн процесс дамжсаар хоолны ширээн дээр ирдэг. Тэр хооронд үе шат, дамжлага бүрд хүнсний аюулгүй байдал хангагдах ёстой юм.
-Монгол хүний хоолны онцлогт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан байна уу?
-Чихрийн шижингийн гол шалтгааны нэг нь өөх, тос ихтэй мах. Манайхан бол Монгол хүн юм чинь махаа идэх ёстой гээд өвөл зунгүй өөхтэй мах хэрэглээд байдаг. Гэтэл монгол хүний, ялангуяа эрэгтэйчүүдийн маань дундаж наслалт бусад улс оронтой харьцуулахад арав, хорин жилээр бага байгаа шүү дээ. Хүний амьдралын арав хорин жил, улс орны амьдралын арав хорин жилд хэчнээн их юм хийж бүтээх билээ дээ. Энэ чинь л бидний нөгөө хамгаалах ёстой эрүүл мэндийн капитал шүү дээ.
ХҮҮХЭД ТАВАН НАС ХҮРТЛЭЭ ЦУС БАГАДАЛТТАЙ БАЙХ ЮМ БОЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ ДОРОЙ БОЛДОГ
-Ирээдүй үеэ эрүүл байлгая гэвэл юунд анхаарах хэрэгтэй бол?
-Малд хамаа замбараагүй антибиотик шахаж байна. Үүнээс болж махаар маш их антибиотик дамжиж байгаа. Хүүхдийн ханиад хэчнээн эм уугаад ч эдгэхгүй байна гэдэг шүү дээ. Идэж байгаа зүйл нь өөрөө антибиотиктой учраас түүнд хүний бие махбодь дасаад өвдөөд эм уулаа ч үр дүн бага, өвчний нян, бактер ч тэсвэртэй болчихдог.
Дөрвөн улиралтай, цаг агаар хатуу учраас монголчууд сэтгэцийн хувьд ч, бие бялдраараа ч маш их тэсвэртэй, дасан зохицох чадвартай. Гэхдээ цаг хугацааны явц тэр хүний амьдрах хугацааг хэр зэрэг богино болгож байгаа вэ. Амьдралын чанарыг хэр болгож байгааг үнэлж мэдэхгүй байна. Ирээдүйн эрүүл мэндийн асуудлаа ч үнэлж ойлгохгүй байна.
Ээж цус багадалттай байвал хүүхэд нь мөн тийм гардаг. Хүүхэд таван нас хүртлээ цус багадалттай байх юм бол оюун ухааны хөгжил дорой, IQ дутуу байна аа гээд олон улсад судалчихсан байна. Нэг ангийн 30 гаруй хүүхдийн тал нь л их, дээд сургуульд тэнцэж ордог биз дээ. Үлдсэн хүүхдүүд оюун ухаан муутайдаа биш. Ерөөсөө идэж ууж байгаа хоол ундны чанартай холбоотой байдаг. Удамшлаас гадна авч байгаа хоол тэжээлийн чанараас болж буй хэрэг. Цус багадалттай яваад байсны балаг. Хоол, хүнсний асуудал ийм нарийн, түүнээс болоод ирээдүйд боловсролтой монгол хүний тоо тэр хэрээр буурах нь байна шүү дээ.
-Цус багадалтаас яаж сэргийлэх вэ?
-Иодын дутагдал, цус багадалтыг шийдэхийн тулд Олон улсаас мөнгө гаргаж хөрөнгө оруулалт хийдэг учиртай. Манай хүүхэд, залуусын оюуны потенциал 10,20,30, бүр 40, 50 жилийн дараа өндөр байхын тулд өнөөдрийн хүүхдийн хоол тэжээл сайн байх ёстой. Өнөөдөр аманд хийсэн хоол хожмын эрүүл мэнд, үр удамд ингэж нөлөөлнө. Уг нь уул уурхайгаас орсон орлогоосоо ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, эрүүл хоол хүнсэнд улсаас зарцуулах ёстой юм.
ОН ӨНЖСӨН, ХӨГЦӨРСӨН ТЭЖЭЭЛ ИДСЭН МАЛЫН МАХ, СҮҮГЭЭР ДАМЖААД ИРЭХЭЭРЭЭ АФЛАТОКСИН В1 НЬ АФЛАТОКСИН М1 ХОР БОЛНО
-Боловсруулсан хүнс аюултай гэдэг. Үүнээс яаж сэрэмжлэх вэ?
-Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ л гээд байгаа. Малаа хашаад, тэжээл тавьж өгөөд бордоод байх нь л дээ. Мах, сүүний чанарыг биш, гарцыг нь бодоод байна гэсэн үг. Гэтэл бэлчээрийн мал бол өөрөө өвс, ургамлаас сонгоод сорчлоод иддэг. Малаа суурин тэжээдэг болсноор ингэж сорчилж идэх боломжгүй болгоод, мал зөвхөн амаа л хөдөлгөдөг болно. Гарсан мах, сүү арвин ч чанараар бэлчээрийн малынхыг гүйцэхгүй. Тэгэхээр өнөөдөртөө эрчимжсэн мал аж ахуй манай хөгжлийн чиг хандлага мөн үү, биш үү. Хүнсний аюулгүй байдал дээр малын тэжээлийн аюулгүй байдал бас яригдах ёстой.
Нянгийн бохирдол малын биеэр ороод гарахаараа бүр хүчтэй болдог. Жишээлбэл, хөгц мөөгөнцрийн хор афлатоксин В1 гэж бий. Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс үүссэн нэг төрлийн хор, мөөнгөнцөр үүсгэдэг бодисын солилцооны хортой хоёрдогч химийн бүтээгдхүүн юм. Он өнжсөн, хөгцөрсөн тэжээл идсэн малын мах, сүүгээр дамжаад ирэхээрээ афлатоксин В1 нь афлатоксин М1 хор болно. Тэр нь өмнөхөөсөө тав дахин илүү хортой гэх мэт их олон асуудал цаана нь байдаг учраас улс орнуудад органик хүнс, бэлчээрийн, “аз жаргалтай”, тааваараа байх мал аж ахуй руу хошуураад байгаа юм шүү дээ.
-Хүүхэд, залуус түргэн хоол руу хошуурдаг болсон. Түргэн хоолны хоруу чанар юу вэ?
-АНУ-д гэхэд зарим мужид түргэн хоолны газрыг зөвшөөрдөггүй юм. Манайхан болохоор түргэн хоолыг гоё юм, барууны соёл гэж хошуурдаг. Гаднынхан бол хямд түргэн хоолны газраар орлого багатай, эрүүл мэнддээ анхаардаггүй хүмүүс голдуу үйлчлүүлдэг байхад манайхан тансагт тооцоод байгаа нь тун буруу жишиг.
-Манайхан хоол хүнсний гялгар өнгө, гоё баглаа боодолд ихээхэн шохоорхож идэж уудаг шүү дээ?
-Натурал биш хүнс бүгдээрээ ижилхэн харагддаг. Жишээлэхэд, дэлгүүрт, бүх алим юм уу, улаан лооль бүгд ижилхэн хэлбэртэй, ижилхэн өнгөтэй, ижилхэн граммтай байвал тэр натурал огт биш. Тэгвэл хүмүүсийн өөрийн гараар тарьсан ногоог хар л даа. Том жижиг, улаан, ногоон, зарим нь хөгцөрсөн, өт идчихсэн байгаа. Хорхой шавж идсэн байна гэдэг чинь натурал байна гэсэн үг. Химийн бодис цацчихсан бол өт хорхой огт иддэггүй. Гаднаас оруулж ирсэн хүнсний ногоо, жимсийг заавал угааж, хальсалж идэх ёстой. Өргөст хэмх гэхэд хоёр үзүүрт нь хор илүү шингэсэн байдаг.
Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг яаж үнэлдэг вэ гэхээр энэ хүнс бэлчээрээс, тариалангийн газраас гараад хэдэн км зам туулж, хэчнээн дамжлага дамжиж, хэдэн хүний гараар орж миний ширээн дээр ирсэн бэ гэдгээр хэмждэг болсон. Энэ зай холдох тусмаа олон гар, олон газар дамжиж хүнс муудах, бохирдох эрсдэлтэй.
-Тогтворжуулах бодис гэдгийг хүнсэнд түгээмэл хэрэглэх болж. Энэ талаар тайлбарлах уу?
-Дэлхийд тогтворжуулагч бодисын гайхамшгийг хамгийн их үзүүлсэн хүнс юу гээч.
-Юу юм бол?
-Чокопай шүү дээ. Хэзээ ч задалсан шинээрээ хөвсийгөөд л байж байдаг биз дээ. Гэтэл органик хоолыг хонуулахад л маргааш нь исдэг. Хөргөгчид л хийгээгүй бол хольцгүй сүү гашилдаг, мах мууддаг. Энэ ялгааг улс орнуудын Эм, хоол хүнсний хяналтын алба хэлэх ёстой юм. АНУ, БНСУ гээд өндөр хөгжсөн орнууд энэ асуудлыг хамтад нь авч үздэг агентлагтай байдаг.
-Хуванцар будаа гэж шуугидаг. Тийм зүйл байдаг уу?
-Хүнсийг хуурамчлах гэдэг зүйл их байна. Сүүлдээ бүр ил тод болсон. Загасны түрс гээд зүйл байна. Харахад жинхэнэ түрс шиг. Хэрэг дээрээ цэлцэгнүүр шиг зүйлд амт, үнэр оруулаад түрс болгочихсон хямдхан, хуурамч хүнс. Маргарин, элдэв төрлийн бяслаг байна. Эдгээр нь хүнсний хангамжийн асуудал шийдэж байгаа боловч хэрэг дээрээ хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийддэггүй эд. Харшил их боллоо л гэдэг. Органик биш хүнсийг хүний бие хүлээж авахгүй байгаагаас тэр шүү дээ.
-Хоол, хүнсний элдэв сурталчилгаа телевиз, сошиалаар дүүрч, түүнийг авч идэх сонирхлыг улам өдөөгөөд байгааг яах вэ?
-Зар явдгаараа явж л байг. Хүн бүр л ам руугаа юу авч хийж байгаагаа ойлгох хэрэгтэй л дээ. Эрүүл мэндээ хувь хүн өөрөө хариуцах нь зүйн хэрэг. Өөрийн тань болон үр хүүхэд, ойр дотнын хайртай хүмүүсийн чинь эрүүл мэнд шүү дээ. Би өнөөдөр сахар ихтэй чихэр, жигнэмэг идэх үү, эсвэл эрүүл ногоо, жимс авч идэх үү гэдэгтээ хариуцлагатай ханд. Гуанзанд хооллох уу, гэртээ хоол бэлтгээд авчирч идэх үү. Хүүхэд уйллаа гээд чипс, ундаа авч өгөх үү. Эсхүл эрүүл хүнс сонгох уу, Өрсөлдөөн, гоё сайхан зар сурталчилгааны их давалгаан дунд эрүүл хоолоо зөв сонгоод иддэг л байх хэрэгтэй.
-Хооллонгоо утсаа оролдож, сошиал үздэг буруу зуршил тогтчихсон...
-Хүний хоол биед шим болох ёстой. Завсраар нь юм оролдоод байхаар шим болж чадахгүй. Эс шингэхийн онол гэж бас юм байна шүү. Шингээгүй байхад нь дээр дээрээс нь идээд байвал, бас юу идэж байгаагаа анзаарахгүй идээд байвал өвчин үүснэ.
Ер нь гуравхан сая гаруй хүн амтай орны хувьд Монгол хүний эрүүл мэндээс илүү чухал зүйл байхгүй. Гэтэл асуудал нь хүнээ өвчлүүлээд, өвдсөн хойно нь эмчлэхэд хамаг анхаарал төвлөрөөд байгаа нь өвчилсөн шалтгааныг нь арилгахгүй, шинж тэмдгийг эмчлээд байгаатай агаар нэг юм.
-Манайх Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиа хэр мөрддөг юм бол?
-Хүнсний тухай, Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлын тухай хууль 2012 онд гарсан, их сайн хууль болсон. Тухайн үед би УИХ-ын ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Гэтэл ҮАБЗөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд 50-60-хан хувьтай л гарсан байна. Ийм байхад хүнсний аюулгүй байдал хангагдах уу. Гадаад орнуудад бол хүнсний аюулгүй байдлыг хүнсний сүлжээндээ үе шат бүрд нь маш сайн хангадаг. Үүнээс гадна хүнсний аюулгүй байдлын боловсролын асуудлыг бид өнөөдөр гаргаж тавих ёстой. Тайлбарлаад өгвөл Монголчууд юмыг хурдан хүлээж авдаг ард түмэн.
1990-ээд онд гэхэд Монголд хятад архи ихээр орж ирж, хүмүүс асар олноороо хордож байсан жишээ бий. Тухайн үед бид эрүүл ахуйн хяналтын албанаас хятад архийг оруулж ирэхийг хориглож чадсанаас гадна манайхан хэрэглэхээ огт больсон, талхыг заавал уут савлагаатай болгож байлаа. Одоо бол уутлаагүй задгай талхыг хүн авахгүй шүү дээ. Асуудлыг ингэж шийдэж болдог. Үүнийг төрөөс зохицуулах ёстой юм.
Хавдрын өвчлөл ихсээд, Хавдар судлалын эмнэлгийг салбарлуулаад, гоё засаж өргөтгөх нэг хэрэг. Харин өвчний шалтгаан, сууриас нь сэргийлэх хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн асуудлаа нэгдүгээрт тавих ёстой. Монгол хүний генийн санг алсдаа хамгаалахад нэн түрүүнд эм, хүнсний асуудлаа хамтад нь авч үзмээр байна гэдгийг дахин хэлмээр байна.