Сүүлийн үед ард иргэд ч, төр засаг ч мод тарихад ихэд анхаардаг болжээ. Зарим нь бүр эдийн засгийн тооцоолол, аж ахуйн шинжтэй жимс, жимсгэний мод тарих юм. Харин манай улс тодорхой хэмжээгээр хушны самраа экспортолдог. Тиймээс хушин ойг таримлаар үүсгэж, самраа эдийн засгийн эргэлтэд оруулж болдоггүй юм болов уу. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ойн баялаг, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ойн инженер Р.Ганбаттай шинжлэх ухааны үндэслэлтэй яриа өрнүүлснээ уншигч танаа хуваалцъя.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-т амлалт өгч байгаад эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хуш мод тарьдаг юм болов уу. Хуш мод маань тарьж ургуулахад хэр эмзэг байдаг вэ. Ажиглаад байх нь ээ, амархан ургадаг болохоор нь ч тэр үү, улиас голчлон тарьж байх шиг байна. Харин сүүлийн үед чацаргана, үхрийн нүд зэргээр янз бүрийн жимс жимсгэнийн мод, бут сөөг тарьдаг болжээ?
-Монгол орны ойн санг бүрдүүлэгч үндсэн шилмүүст модны нэг бол хуш. Хуш мод маань 1995 онд сайдын тушаалаар ховор ургамлын жагсаалтад орсон. Яагаад энэ ангилалд орчихов оо гэвэл “Улаан данс” гэж дэлхий нийтийн ховор ургамлын үнэлгээний арга зүй байдаг. Түүгээр үнэлэхэд, ерөнхийдөө ховордож байгаа ургамал гэдэг нь тодохой болж байгаа юм. Их олон үзүүлэлтийг харгалзан үздэг л дээ. Тухайлбал, хортон шавж, ойн түймэр, хууль бус мод бэлтгэлийн нөлөөнд хэр өртсөн байна, өөрөө нөхөн сэргэх, тархан ургах үйл явц нь хэр байдаг юм бэ гэх мэтчилэнгээр энэ бүх үзүүлэлтийг харгалзан үзэж байгаад үнэлгээ хийдэг.
Тэгээд манай эрдэм шинжилгээний байгууллагуудын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзээд “Энэ ер нь ховордож байгаа, ховор ургамал мөн юм байна аа” гэж тогтоодог. Ер нь бол Монгол орны хувьд хамгийн их тархалттай нь шинэс мод юм. Дараа нь хуш, нарс мод байдаг. Хуш мод маань байгалийн зүй тогтлоороо уулын өндөр шилд ургадаг. Нам дор газар ургадаггүй. Ерөнхийдөө уулынхаа цэвдгийг даган ургаж байна. Сэргэн ургалтын үйл явц харьцангуй удаан байдаг. Ер нь тарималжуулахад хүндрэлтэй. Хүлэмжинд хөрс, дулаан, чийг зэргээр тодорхой хэмжээний орчин үүсгэж байж ургуулна. Тэгэхгүйгээр, зүгээр нэг төмс, хүнсний ногоо тарьдаг шиг ургуулчих боломжтой байсан бол бид хэдийн тариад ургуулчихсан байгаа шүү дээ.
-Ойн санг нөхөн сэргээхийн тулд Мод үржүүлгийн газрууд маш их хүч хөдөлмөр зарсан ажил хийдэг юм билээ. Тэнд хуш мод үржүүлдэг юм болов уу?
-Ер нь бол тодорхой хэмжээгээр манай Сэлэнгийн бүс нутагт зарим нэг аж ахуйн нэгж, ойн ангиуд үржүүлж байна. Ургалтын хувьд маш удаан. Ойжуулалтад гаргаж болохоор 2-3 настай тарьц маань дөнгөж 5-10 см өсөлттэй байдаг. Тиймээс хуш модыг заавал Мод үржүүлгийн газарт үржүүлж, ургуулж байж ойжуулалтад гаргадаг. Ер нь хушин ойн сангаа хортон шавж, бусад нөлөөнөөс хамгаалж чадах юм бол хушин ой маань өөрөө өөрөөрөө сэргэн ургах үйл явц нь үргэлжилж байдаг. Тиймээс бид ойгоо зүй зохистой хамгаалах хэрэгтэй байна. Өөрөө өөрөөрөө ургах тэр нөхцлөөр хушин ойн сангаа хангаж өгөх хэрэгтэй. Түүнээс зориудаас таримал хушин ой бий болговол манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургахад маш эрсдэлтэй. Хушин ойн хөрс сийрэг, хүлэрлэг байдаг. Ямар нэгэн түймэр гарлаа гэхэд юм уу ямар нэгэн байдлаар салхи, шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо гэхэд бараг хөвдөн хөрсөн дэх үндэс нь тэр чигээрээ налаад уначихдаг юм. Тийм учраас бид ойгоо хамгийн түрүүнд гал түймрийн аюулаас хамгаалах хэрэгтэй. Дээрээс нь энэ хууль бусаар самар түүж, хуш модыг гэмтээж байгаа нөхдөөс хамгаалах хэрэгтэй байхгүй юу. Бид хуш модны самрыг ашиглуулахгүй гэж хэлээгүй. Их ургацтай жил нь судалгаа, шинжилгээний байгууллага болон ойн ангийн дүгнэлт зэргийг үндэслэж байгаад тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулна. Ашиглуулах хууль журамтай. Гэтэл одоо зах зээлийн нийгэмд орсноос хойш болоогүй байхад нь бие биеэсээ өрсөж түүдэг болсон. Болоод ирэхээрээ самрын давирхай нь арилаад салхинд бараг өөрөө унаад ирдэг. Тэр нөхцлийг хангаж, хүлээх хэрэгтэй. Гэтэл болоогүй байхад нь самраа авах гэж модоо нүдэж халцлаад гэмтэл учруулаад байдаг. Ингэхээр чинь хуш мод аюулд өртчихөж байгаа юм. Тийм учаас л Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам гэж байгаа юм шүү дээ. Тэр журман дээрээ самар түүх хугацааг нь зааж өгсөн байгаа. Ерөнхийдөө аравдугаар сарын 20-доос хойш түүх ёстой. Яагаад энэ хугацааг зааж өгсөн бэ гэдэг үндсэн гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, самрын болц гүйцэхийг хүлээж байгаа юм. Хоёрдугаарт, намрын хуурайшилтын үеэр болзошгүй галын аюул буюу ойн түмрээс урьдчилан сэргийлж байгаа. Гуравдугаарт, тодорхой хэмжээний болц гүйцсэн самрууд нь өөрөө унаад байгальд нөхөн сэргэж ургах үйл явцыг хангах, нөгөөтэйгүүр, тодорхой хэмжээгээр ойд амьдардаг амьтан, шувуудад идэш тэжээлээ бэлтгэх боломж, нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
-Өмнө нь есдүгээр сарын 20-доор самранд явж болдог байсан байх аа?
-Тэгэхээр чинь самар болоогүй байхад, бүр наймдугаар сарын сүүлчээр нүдээд, хуш модоо сүйтгээд эхэлдэг. Тэгээд л хушин ойг маш их гэмтээсэн. Гэмтэл авч, нүдэгдээгүй мод гэж бараг байхгүй. Хушин ойгоо хамгаалах нь чухал шүү дээ. Хуш мод ойн эко системд ач холбогдол ихтэй. Далайн төвшнөөс дээш 2000-3000 м өндөрт ургаж байгаа. Тийм учраас ойн эко системийг бүрдүүлэгч, тэнд амьдарч байгаа амьтан шувуудын тэжээл, хөрс хамгаалах, цэвдэг барих, усны нөөц зохицуулах энэ бүх нөхцлийг хангаж байдаг хушин ойгоо бид хамгаалахгүй бол болохгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр ашиглуулах нь зөв. Гэхдээ иргэд маань бие биеэсээ өрсөөд “Тэр гараад явчихаж”, “Тэнд самар их байна” гээд л хошуураад, бүгдээрээ зэрэг дайрдаг.
-Өнгөрсөн зуны хувьд бороо хур ихтэй байсан тул самар жимс сайн ургасан. Гэхдээ хэн дуртай нь хаанаас ч хамаагүй самар түүж болохгүй нь ойлгомжтой?
-Монгол орон өргөн уудам газар нутагтай. Тэр тусмаа хуш мод маань Монгол орны (Улаанбаатарыг оруулаад) 11 аймгийн газар нутагт тархсан. Ерөөсөө Хэнтий аймгаас авахуулаад Баян-Өлгий аймаг хүртэл Хэнтий, Хангай, Монгол Алтайн нурууны өргөн уудам газар нутагт ургаж байгаа хушин ой чинь харилцан адилгүй болцтой байдаг. Тиймээс бид аравдугаар сарын 20-оос дараа оны хоёрдугаар сарын 1 хүртэлх хугацаанд самар түүж болно гээд журамлачихсан байхгүй юу. Үүнийхээ л дагуу түүлгэж байгаа. Өмнөх жилүүдэд ч энэ журмаа л дагадаг байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, самрын болц байгаль, цаг уурын нөхцлөөсөө шалтгаалаад харилцан адилгүй байдаг гэсэн үг. Тиймээс ерөнхийдөө урт хугацаа тавьж өгдөг. Гэхдээ самрыг түүснээсээ хойш 2-3 жил хадгалж болдог. Самрын аж ахуйн нэгжүүд бүгдийг нь экспортод гаргалгүй тодорхой хэмжээгээр нөөцөлж үлддэг байх. Зарим нь самраа цайруулж, идээг нь экспортолж гаргах, зарим нь тодорхой хэмжээгээр самар чигээр нь дотоодын зах зээлд нийлүүлэх зэргээр янз бүрийн менежмэнт хийдэг л дээ. Тэд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний хажуугаар зарим иргэн хууль бусаар давирхай нь ч хатаагүй байхад самранд яваад байдаг. Тэгээд тэрийгээ усанд чанах юм уу тосонд хуурах маягаар болгож, гудамж талбайгаар зараад явдаг. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Самрыг их ургацтай жил нь үйлдвэрлэлийн зориулалтаар, дунд ургацтай жил нь ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болно гэдэг заалттай.
-Ер нь бол хушны самар дийлэнхдээ экспортод гардаг бололтой юм. Яс нь хүртэл хэрэгтэй гэсэн байх шүү. Наад зах нь дэр хийдэг юм билээ?
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон тухайн агентлагийн чиг үүрэг гэж байдаг. Тэгэхээр манай Ойн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бол үйлдвэрлэлийн процесст оролцдоггүй. Бид яадаг вэ гэвэл хушин ойн сангаасаа хэдэн тонн самар түүх боломжтой юм бэ гэдгийг л сайдын тушаалаар гаргаж өгнө. Тэгээд ойн самрын эрхтэй мэргэжлийн байгууллагууд нь самраа түүж оруулж ирдэг. Боловсруулах нь үйлдвэрлэлийн процесс болоод явчихаж байгаа учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажил болчихож байгаа юм. Харин самрын идээг гадагш нь гаргах асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам шийднэ. Самрын тос, идээ боловсруулах зэрэг нь үйлдвэрлэлийн асуудал болчихож байгаа юм. Тэгээд тэр самрын яс, энэ тэр бол бүр дараагийн шатны үйлдвэрийн асуудал болох нь байна шүү дээ. Гэхдээ бид самрын үйлдвэрүүдэд мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний хяналт, шаардлагаа тавьдаг.
-Монголд хэчнээн самрын үйлдвэр, аж ахуйн нэгж байна вэ?
-Одоогоор эрх бүхий 30 гаруй аж ахуйн нэгж бий. Сайдын тушаал гарангуут хууль, журмынхаа дагуу ойн анги нь долоо хоног нээлттэй мэдээлэл тавьдаг. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах самрыг заавал дуудлага худалдаагаар оруулдаг. Нөгөө 30 гаруй аж ахуйн нэгж маань үнэ хаялцаад тэр аймгийн тэр сумаас 10 тонн самар бэлтгэнэ гэх мэтээр дуудлага худалдаандаа оролцдог. Иргэд бол ахуйн зориулалттай самраа аль аймгийн аль сумаас очиж түүх вэ гэдэг эрх нь нээлттэй. Гэхдээ бас хэмжээтэй. Нэг хүн өрхийн хэрэглээний буюу идэх 50 кг самраа л түүнэ. Ер нь тухайн ойн ангийн тогтоосон самрын нөөцийн 60 орчим хувийг л энэ мэтээр ашиглаж болдог.
-Нэг хэсэг хэрэм боож үхтэл нь самар цөлмөсөн гэдэг явган яриа явдаг?
-Гадаадын янз бүрийн сайтаас зураг аваад цахим орчинд тараагаад байдаг. Манай улсад хэрэм боож үхсэн тохиолдол байхгүй шүү. Тухайн үед нь “Энэ юун хэрэм, хаана боогоод үхчихэв” гээд судлаад үзэхээр гадаадын сайтаас авсан зургийг л шейрлээд байдаг юм билээ. Тиймээс манай иргэд аливаа мэдээллийн үнэн бодит байдалд ач холбогдол өгч, албан ёсны мэдээллийн эх сурвалж уу гэдгийг шалгаж байгаасай. Зарим хүн олон нийтийн сүлжээгээр хандалт авах зорилгоор янз бүрийн худал мэдээлэл цацаж, үймүүлж болохгүй байх. Иргэд ч мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд ач холбогдол өгч үзвэл өөрсдөд нь хэрэгтэй болов уу. Түүнээс биш аман болон сургаар аливаа зүйлд итгэж үнэмшиж болохгүй шүү дээ. Самранд явж байгаа иргэдийн дунд ч мэр сэр иймэрхүү явган ярианд итгээд самар түүхээр явсан тохиолдол ч гарч байсан. Болохгүй шүү дээ. Бүхий л зүйл хууль журмынхаа дагуу л явагддаг. Түүнээс биш хэн дуртай нь очоод, хаа дуртай газраасаа самар түүж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, хууль журмынхаа дагуу самар түүж яваа хүмүүсийн талаар буруу ойлголтыг нийгэмд төрүүлж бас болохгүй.
-Ойн сангаа нөхөн сэргээхийн тулд хушин ой үүсгэж болохгүй юу. Тарилаа гэхэд яаж арчлах вэ?
-Ер нь бол тухайн модыг тухайн орчинд нь л тарьж байж ургана. Тэгэхгүй бол хэцүү шүү дээ. Өндөр зардал гарна. Тухайлбал, манайхан Богд ууланд янз бүрийн навчит мод тариад л байна. Гэтэл Богд ууланд ямар моднууд ургаж байна вэ. Хуш, шинэс, тодорхой хэмжээгээр хус, гацуур гээд байгаль өөрөө цаанаас нь энд ийм моднууд ургана гэдгийг хэлээд өгчихсөн байна шүү дээ. Харин түүнийг говьд аваачаад суулгавал ургахад тун хэцүү. Ургасан ч тахир муруй, орчин нөхцөл нь нэг л таарч өгдөггүй. Мод хэдий чинээ тохиромжтой нөхцөлд ургана тэр хэмжээгээрээ сайхан өндөр шулуун иштэй, титэм нь гоё конус хэлбэртэй ч юм уу өндгөн хэлбэртэй байдаг. Тохиромж муутай нөхцөлд ургасан мод өндөр нь ч, диаметр нь ч өсөж, ургаж өгөхгүй, нэг л намхан тагжгар, амь голтой төдий л байдаг. Тиймээс байгаль өөрөө энэ бүс бүслүүрт, ийм орчинд энэ мод л ургана шүү гэдгийг хэлээд өгдөг юм. Тэр орчинд тухайн ургадаг модыг л тарих хэрэгтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд мэргэжлийн байгууллага, ойн ангиуд үнэт мод гэж ярьдаг жодоо, хуш, гацуурыг тодорхой хэмжээгээр үржүүлж байна. Гэхдээ удаан ургаж байна гэдгийг би дээр дурдсан даа. Ер нь бол тухайн орчинд нь механикжсан том үржүүлгийн газар байгуулаад явах ёстой. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тусгагдаж, хийгдэж байгаа ажлууд бол бий.
-Тэгэхээр ойн мэргэжилтнүүд маань хэр бэлтгэгдэж байна вэ. Ний нуугүй хэлэхэд, 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш ихэнх салбарт нарийн мэргэжлийн хүмүүсийн залгамж халаа чанартай бэлтгэгдэхгүй байна шүү дээ?
-Ялгаагүй дээ. Нийтлэгээрээ боловсон хүчний бодлого алдагдчихсан шүү дээ. Ойн салбарын мэргэжилтнүүдийг социализмын үед системтэйгээр бэлтгэж байсан. Аймаг, орон нутаг, модны үйлдвэр, ойн аж ахуйнууд ямар боловсон хүчин хэзээ хэрэгтэй вэ гэдэг захиалгаа Боловсролын яам руугаа өгдөг, түүнийх нь дагуу зохих мэргэжлийн хүмүүсийг бэлтгэн гаргаж, хуваарилдаг байлаа шүү дээ. Одоо бол тэр систем байхгүй. Тухай хүн “Би ийм мэргэжлээр сурна” гэвэл сурдаг. Үгүй гэвэл замаа хөөдөг. Тэр ч байтугай сураад төгссөн хүмүүс “Өө, би ийм ажил хийхгүй” гэвэл тэгээд тэр ажлын байран дээр хүн л хайдаг. Харин сүүлийн үед “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр ч нөлөөлж байгаа байх, ойн мэргэжлийг сонирхох хүмүүс нэлээд идэвхжиж байна. Тэр ч байтугай, хувиараа хашаандаа мод тарих гэсэн хүмүүс хүртэл “Энэ чинь шинжлэх ухаан юм байна шүү дээ”, “Мэргэжлийн хүмүүсээс асууж, зарим зүйлийг сурахгүй бол болохгүй юм байна” гэдгийг ойлгож эхэллээ. Малчин хүн ч гэсэн өвөлжөө, хаваржаандаа дурын модоо тарихааргүй болж байна. Тодорхой хэмжээний ойлголт, ухагдахууныг ойн талын хүмүүсээс асуудаг болжээ. Мод тарьж ургуулах чинь нэлээд уйгагүй, хичээнгүй байж хийх ажил шүү дээ. Бид ч ойн ангиа бэхжүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулах талаар жил болгон бодлогын ажил, сургалт зохион байгуулж байна. Ойн мэргэжлээр төгсөөд ирж байгаа хүмүүст бол ажлын байр бий. Аймаг, орон нутаг, уул уурхайн компаниуд “Ойн инженер байна уу” л гэж асууж байна шүү дээ. Бүх уул уурхайн компани байгалийн баялгийг ашигласныхаа төлөө тухайн нутаг орныг нөхөн сэргээж, мод тарих ёстой. Тэгээд л ойн инженер эрэлттэй байгаа юм.
-Монгол орон даяар цөлжилт нүүрлэж байгаа нь ой сүйдсэнтэй холбоотой шүү дээ. Цэвдгээ дагаж ой ургадаг. Гэтэл ой хатаж байна гэдэг хөрсөн дороо цэвдэггүй буюу усгүй болж байгаатай холбоотой байх. Энэ нь эргээд уул уурхайн компаниудтай холбогдоно л доо. Магадгүй нөхөн сэргээлтээ сайн хийлээ ч ой болтлоо удна байх. Оргүйгээс гэдэг шиг л...?
-Тийм ээ. Ойн эко систем тийм ч амархан бүрдэхгүй. Үнэр нь, хөрс нь хүртэл өөр байдгийг бүгдээрээ л мэднэ шүү дээ. Мод, ус хоёр хоорондоо салшгүй холбоотой. Ус байж мод тарина. Мод буцаагаад усаа ууршихаас сэргийлж, хөрсөө гулгаж нурахаас хамгаалдаг. Гэхдээ хэдэн мод тарьж ургууллаа гээд ойн эко систем шууд бүрдчихгүй л дээ. Ойн эко системийг модноос гадна тэнд ургадаг өвс ургамал, мөөг, цэцэг, амьтад, шувууд нь бүрдүүлдэг юм. Дороо цэвдэгтэй байж ой оршино. Ойтой уулын ам болгоноос ус гол урсаж, булаг ундардаг шалтгаан нь энэ. Ой бол шинжлэх ухаан, дотроо маш олон салбарт хуваагддаг, өргөн хүрээтэй салбар шүү. Ер нь аливаа байгалийн нөөц баялаг гэдэг зүйл ямар нэгэн байдлаар эргээд төлбөр төлөөстэй байдаг. Ойн сан ч адилхан гэдгийг мартаж болохгүй. Ойг устгаж сүйтгэчихээд нөхөн сэргээж, тарималжуулна гэж ярихын оронд байгаа зүйлээ хайрлан хамгаалж байх учиртай.
Сэтгэгдэл ( 0 )