Аравхан хоногийн дараа Цагаан сарын шинэлгээ эхлэх гэж байна. XVII жарны хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2 аргын тооллоор 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдөр тохиож буй. Арга билэг, өв соёл, ёс заншлыг биет болон биет бусаар нь хэдэн мянган жилийн туршид тээж ирсэн монгол туургатны үндэсний их баярыг айл өрх бүр, хүн болгон хэр чадлаараа тэмдэглэсээр ирсэн уламжлал өдгөө ч хэвээрээ. Цагаан сарыг он цаг, түүхийн уртад завсар зуурхан буюу багацаагаар 70 жил “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын баяр” гэх мэтээр нэрийг нь өөрчилж, ил далд ёслон өнгөрүүлж байснаас биш огт тэмдэглэхгүй орхиж байсан нь үгүй гэх. Харин ганцхан удаа БНМАУ-ын маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барахад албан ёсоор Цагаан сарыг цуцалж, бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлаж байсан юм билээ. Гэхдээ тэр үед харилцаа холбоо сул байсан учраас хөдөө, орон нутгийнхан Цагаан сараа нууцаар тэмдэглэж байжээ. Өдгөө урд хөрш БНХАУ ЮНЕСКО-д хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад Хаврын баяр-Цагаан сар нэрээр бүртгүүлж амжсан тус баярыг Монгол Улсын 13 ястан бүр өвөг дээдсээсээ өвлөн уламжилсан өөр өөрийн ёс заншлаар нутаг нутагтаа тэмдэглэх ч ерөнхий бэлгэдэл, утга агуулгын хувьд адилхан, өргөн дэлгэр болох нь гарцаагүй.
Цагаан сар хэнд хэрэгтэй юм бэ гэж үү?
Цагаан сараар хүүхэд балчрууд ураг удмаа мэдэлцэж, ёс төр, өв соёлдоо суралцдаг сайхан баяр. Ургахын улаан нартай уралдан босож цай сүүний дээжээ хангай дэлхийдээ өргөн зүг мөрөө засаж, уул овоонд гарах, халуун зүрхний хайртан бүхнийхээ тохойг түшин золгож, магнайг үнэрлэн сайн сайхан ерөөл хэлэх, идээ цагаалгыг ёс журмын дагуу хүртэх, өөрт тохирох дээл хувцсаа бүрэн бүтэн асаах, гар цайлгах зэргээр бүхий л зүйл нарийн дэг ёс, утга агуулгатай. Энэ бүхнээс суралцаж мэдэхийг хүсвэл хүүхэд багачуудаа дагуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой. Учир нь "Монгол" нүүдэлчин өвлийн наадам өндөр үүдээ өргөөд удаагүй байна. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн тус өвлийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НЗДТГ, аймаг, Нийслэлийн соёл, урлагийн газар, ЗГХА Соёл, урлагийн газарт хамтран зохион байгуулж буй юм. Энэ сарын 22-ыг хүртэл буюу ирэх бямба гараг хүртэл үргэлжлэх тус наадмыг анх удаа зохион байгуулж буй ч танил дотно ахуй таныг угтах болно. Магадгүй, мартаж гээгдэхэд ойрхон ирээд байгаа Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг эндээс сэргээн санахад гэмгүй байх.Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээг өртөөчлөн үзүүлж байна. Товчхондоо дараах 10 өргөө, өртөөгөөр зочилно.
1. “Шинэлэх ёс” өргөө
Шинэлэх ёс өргөөнд зочилсноор монголчуудын сар шинийн баярт зориулсан уламжлалт ёс заншил, цагаан сарыг яаж тэмдэглэдэг тухай мэдэж авна. Цагаан сарын үзэсгэлэн үзэж, хоол, унд, зочлох ёс заншилтай танилцаж, шинэлэх ёсыг бодитоор мэдрэх юм.
2. “Цагаан сар” өргөө
Цагаан сар өргөөнд зочилсноор монголчуудын сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг, үндсэн ёслол уламжлалтай танилцах боломжтой. Цагаан сарын баярын үед гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгээ хэрхэн уулзаж, мэндчлэх болон ерөөдөг тухай сонирхолтой зүйлсийг үзнэ.
3. “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө
Ёслол, хүндэтгэлийн зоог уламжлалт идээ ундааны өргөөнд зочилсноор та Монголын Цагаан сард зориулж бэлтгэдэг сар шинийн баярын уламжлалт хоол хүнс, идээ ундаа, тэдгээрийг хэрхэн бэлтгэдэг вэ гэдэгтэй танилцана. Өргөөнд монголчуудын баяр ёслолд зориулсан идээ ундаа байх юм. Тухайлбал, боорцог, сүүтэй цай, бууз, хонины мах, цагаан идээг хэрхэн бэлтгэдэг, хүндэтгэлийн зоогонд ямар хоол хүнс хэрэглэх ёстойг хүүхэд багачууд мэдэх боломжтой. Мөн Цагаан сарын баярын үеэр зочдоо хэрхэн хүлээн авч, тухлан суулгаж, хоол ундаа хэрхэн өргөдөг тухай уламжлалт зан үйл, ёс заншилтай танилцана.
4. “Язгуур урлаг”-ийн өргөө
Язгуур урлагийн өргөөнд зочилсноор Монголын уламжлалт урлаг, соёлтой танилцах боломжтой. Энэ өргөөнд Монголын язгуур урлагийн төрлүүдийг үзэх бөгөөд үндэсний бүжиг, дуулал, тоглоом, хөгжмийн зэмсэг, дуучид, зохиолчид, тэдний бүтээлийг танилцуулна. Монголын язгуур урлагийн чухал хэсэг болох үндэсний хөгжим, дуучдын тоглолтыг үзэж, уламжлалт урлагийн гоцлол бүтээлүүдийг бодитоор үзэх боломжийг олгож байгаа юм.
5. “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө
Хувцас, эдлэл хэрэглэлийн өргөөнд зочилсноор Монголын уламжлалт хувцас, хэрэглэлтэй танилцаж, тэдгээрийн бүтэц, зориулалт, хэрэглээний талаар мэдэх боломжтой. Энэ өргөөнд үндэсний хувцасны тусгай хийцтэй танилцаж, өмд, сарьс, цагаан малгай, гутал, дээл гэх мэт эдлэлийг үзнэ. Мөн эдгээр хувцас, хэрэгслийг ямар нөхцөлд, ямар ёслолд хэрхэн, яаж хэрэглэдэг, тэдгээрийн үүсэл, зохион байгуулалт болон түүхэн ач холбогдлыг мэдрэх юм.
6. Халх, казах, буриад угсаатны өргөө
Халх, казах, буриад угсаатны өргөөнд зочилсноор Монголын олон угсаатны соёл, уламжлалтай танилцана. Тэдний амьдралын хэв маяг, уламжлалт хувцас, хоол хүнс, баяр ёслол, ёс заншил, өдөр тутмын амьдралын онцлог зэргийг биетээр үзэж мэдрэхээс гадна тус бүрийн үндэсний хувцас, хөгжмийн зэмсэг, уламжлалт хоол хүнс, гэр орон, мал аж ахуйн эдлэл хэрэглэл, ёслолын зан үйлийг ойлгож мэднэ.
7. “Тэмээн жин” өртөө
“Тэмээн жин” өртөөнд зочилсноор Монголын уламжлалт нүүдлийн ахуйтай танилцаж, тэмээн жинг хэрхэн ашиглаж, тэмээгээ хэрхэн тэжээж, тээвэрлэх, маллах талаар танилцаж, онцлог зүйлсийг мэдэж авна.
8. Цаатан өртөө
Цаатан өртөөгөөр зочилсноор Монголын баруун хойд хязгаарт амьдардаг цаатан ардын уламжлалт амьдрал, тэдний өвөрмөц ахуй, амьдралын хэв маяг, цаатан ардын хувцас, эдлэл, урлал, мал аж ахуйн онцлог, идээ ундааны талаар үзэх боломжтой.
9. “Эрдэнэт сүрэг” өртөө
“Эрдэнэт сүрэг” өртөөнд зочилсноор Монголын уламжлалт мал аж ахуйн соёл, мал сүргийн ёс заншилтай танилцах, таван хошуу малын ач холбогдол, сүү, мах, ноос зэрэг түүхий эдийг хэрхэн ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тухай болон мал сүргээ хэрхэн хариулж, өсгөх талаар мэднэ.
10. “Монгол банхар, тайга, анч нохой, шувуучлахуй” өртөө
“Монгол банхар, тайга, анч нохой, шувуучлахуй” өртөөгөөр зочилсноор Монголын уламжлалт ан агнуурын соёл, амьтдыг хэрхэн ашигладаг, тэдгээрийн үүрэг, ач холбогдлыг танин мэднэ. Монголчуудын анч нохой, банхар, тайга болон шувуу агнах ур чадвар, амьтдыг хэрхэн бэлтгэж, агнуурт ашигладаг талаар мэдэхээс гадна монголчуудын ан агнуурын түүх, уламжлал, амьтдыг хамгаалах үүрэг, ач холбогдлын талаар мэдэх боломжтой.
Энэ мэтчилэнгээр тус наадмын хүрээнд оюун санааны дархлаагаа дэмжин тэтгэж, өв соёлынхоо талаар багагүй зүйлсийг мэдэж, цэнэг авах юм. "Мазаалай" олон улсын цас мөсний наадмын 28 шилдэг уран бүтээлчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг тус “Монгол” өвлийн наадамтай хамтатган дэглэсэн нь ч бас учиртай. Мөсөн сур, шагайн харваа, морин аялал, нохой чаргатай танилцан “булуу нь халж”, нүд нь гялалзсан сэргэлэн багачууд Монголын бахархалт амьтан мазаалай баавгайгаа ч танин мэдэх юм. “Нэг сумаар хоёр туулай” гэгчээр хүүхэд балчруудаа баясган хөгжөөхийн далимд өв соёл, уламжлал, ёс заншилтайгаа танилцуулсан танд ч Монголоороо бахархах сэтгэл төрнө биз. Харин одоо ахуйн ажлууд ард чинь хүлээж байгаа нь ойлгомжтой. Орчин цагт юм бүхэн элбэг, сонголт арвин болжээ. Энэ жил ч Цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаа энд тэндгүй дэлгэгдсэн байна. Цаг завыг тань хэмнэж, тус болох болов уу гэсэндээ дараах мэдээллийг багцлан бэлтгэлээ.
“ГАНДАН”-ИЙН ШАР ТОСТОЙ ХЭВИЙН БООВ 7500 ТӨГРӨГ
Бид хэдий хөдөө аж ахуйн орон ч гэлээ хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатартаа суурьшсан өдгөө цагт цагаан идээ яалт ч үгүй үнэ цэнтэй зүйлийн нэг болжээ. Урдын цагт айл гэрийн эзэгтэй бүхэн өрхийн үйлдвэрлэгч байсан. Харин өдгөө Монголын хацар гоо охид, эмэгтэйчүүдийн эрхлэх алба, ажил даяаршилтайгаа “хөл нийлүүлэн” довтолгож буй. Тиймээс хот, суурин газрын айлууд цагаан идээгээ худалдаж авахаас өөр гарцгүй. Хүүхэд багачуудынхаа бор ходоодыг цагаан идээгээр цайруулж, цахиурыг бэхжүүлэх нэгэн санаа ээж бүхэнд байх. Энэ санаагаа гүйцээж, боломж нөхцөлдөө тааруулаад авъя гэвэл ааруул, аарцны тавгийн идээ 380-550 мянган төгрөгийн үнэтэй байна билээ. Харин арай өндөр үнэтэй байна гэж үзвэл сонголт бас бий. Хэзээнээсээ хэвийн боовоор Цагаан сарын идээний тавгаа засаж ирсэн уламжлалтай шүү дээ. Хэвийн боов нэг ширхэг нь 5100-6800 төгрөгийн үнэтэй байна. Томоохон зах, худалдааны төв, Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн лангуугаа дэлгэжээ. Жижиглэнгийн лангуунаас бусад бүх худалдаанд хэвийн боов үйлдвэрийн үнээрээ байна шүү.
Тухайлбал, "Талх чихэр" ХК-ийн хэвийн боов 250-600 гр-тай, нэр төрлөөсөө хамаараад 5300-12500 төгрөг, гавжийн дугуй 15 мянган төгрөгийн үнэтэй байна. "Өгөөж чихэр боов" ХК хэвийн боовоо “Хотол”, “Угалз” хэмээх хоёр нэр төрлөөр гаргажээ. “Хотол” брэнд нь 10 ширхэгийн савлагаатай бол “Угалз” хэвийн боов ширхэг нь 5600 төгрөгийн үнэтэй байна. Бусад томоохон үйлдвэрийн хэвийн боовны дундаж үнэ 5500 төгрөг, зүсэлттэй нь 6500-7500, гүрмэл 6000-9500 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн авах дуртай хэвийн боовны нэг нь “Гандан”-ийн шар шар тостой хэвийн боов. Монголын бурхан шашны төв "Гандантэгчэнлин" хийдийн "Батцагаан" дуганы баруунтай байрлах гал тогоонд үйлдвэрлэдэг тус хэвийн боовны үнэ 7500 төгрөг.
НУТАГ НУТГИЙН ЁС ОНДОО
Дараагийн чухал идээ шүүс нь ууц, өвчүү, түүнийг дагалдах махан зоог юм. Үнэ ханшийн тухайд “Хүчит шонхор” захад хонины ууц 350-450 мянган төгрөг, үхрийн хормойтой өвчүү кг нь 15000-16000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ ханшийн тухайд хонины мах кг нь ястай нь 13500-14000, цул нь 14000-14500, үхрийн мах кг нь ястай нь 17000-19000, цул нь 19500-20000 төгрөгийн үнэтэй байна. Энэ мэтээр Цагаан сарын хүндэтгэлийн идээ зоогоо бэлтгэсний дараа хүмүүсийн гар цайлгах бэлэгний сонголтоо хийчихвэл ерөнхийдөө баярын бэлтгэл ажил дөхөх тийшээ хандаж байгаа нь тэр. Өрхийн төсөв, мөнгөтэй холбоотой ажил цэгцэрч байгаа юм л даа. Түүнээс биш гэр байшин, хашаа хороогоо янзлах, угаалга цэвэрлэгээ гээд нэртэй, нэргүй бас бус ажлууд бий. Бэлэгний хувьд жилээс жилд сонголттой болж байна. Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа ч олноороо зохион байгуулагддаг болжээ. Тухайлбал, Цагаан сарын бүхий л хэрэгцээг багтаасан үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын бараа бүтээгдэхүүний төрөлжсөн үзэсгэлэн худалдаа хотын төвд “Аса арена”-д болон “Их наяд” худалдааы төвд нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Амар байна уу- 2025” дэлгэгдээд байна. “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцож байгаа тул бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь санал болгож буйгаараа онцлогтой.
Мөн Монгол улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан, С.Жавхлан нарын маркетинг нь хийж буй Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбооныхны Яармагт дэлгэж буй “Монголын их золголт” үзэсгэлэн худалдаа ч олны анхаарлын төвд байна. “Монголын их золголт”-ыг зорин оролцогчид нь Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс гадна 21 аймгийн 330 сумынхан байгаа юм. Нийт 999 үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ тус үзэсгэлэн худалдаанд оролцуулж, Цагаан сарын хэрэглээг бүрэн хангахыг анхнаасаа зорьж байсан билээ. Худалдан авагч, хэрэглэгчдийн тухайд нутаг, нутгийнхаа онцлог, 13 ястны зан заншил, ёс уламжлалаараа дээл хувцас, Цагаан сарынхаа идээ шүүс, хүнс зоогоо бэлтгэхийг чармайж байгаа нь илт харагдана. Төгөлдөр болтугай!
Сэтгэгдэл ( 2 )
Tsagaan sariig arhigui temdegleh, arhi barij zolgohgui baih, arhi belgend egehgui baih talaar duugardag hun ch alga daa
Udur sudar n unench umuu!!! Ali xediin bar sar garchaad bxad kalendari n uvliin iluu adag sar geed bichchixsen. Manaix shig tsag zurxain tsag toonii xuuliig duraaraa uurchildug uls uur xaana bgaan??? Xezee unen zuvuur yavaxiin? Bux udur toolol zasal n ter jildee budilj bgaa bizde!! Tuvdiin shariin shashin l gexiib ter uls yaj doosh orj muxuj bgaag neg bodmoor um. Manaixaas uur tegj muxuj bgaa umiig dagaj daldaij bgaa neg ch uls bxgui. Tsagaan sar bol ezen Chingisiin ues bsan ulamjlalt bayar. Shariin shashin bol suuld Mongoliig mocoox zorilgoor Manjuidiin devergej oruulj irsen zuil shuu!!