АНУ | Ойн түймрийн улмаас 40 гаруй хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

 

АНУ-ын төв болон өмнөд хэсэгт торнадо хуй салхины улмаас амиа алдсан хүний тоо 40-д хүрээд байна. Байгалийн гамшигт Миссури муж хамгийн хүчтэй өртөөд байгаа бөгөөд 12 хүн амиа алджээ.

Канзас мужид шороон шуурганы улмаас 50 тээврийн хэрэгсэл оролцсон томоохон осол болж, дор хаяж найман хүн амь эрсэджээ. Техаст мөн шалтгааны улмаас 38 автомашин мөргөлдөж, дөрвөн амиа алдсан байна. Оклахома мужид хэт хуурайшилт, хүчтэй салхины улмаас нийт 150 цэгт ойн түймэр гарч, мөн дөрвөн хүн амиа алджээ. Тус мужид нийт 690 кв км талбай, 300 барилга байгууламж шатсан байна.

Миссисипи, Арканзас, Алабама мужуудад байгалийн гамшгийн улмаас хүний амь хохирсон тухай мэдээлжээ. Теннеси, Миссури мужид торнадо хуй салхи гарах эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.

АНУ-д өнгөрсөн долоо хоногийн сүүлээр торнадо хуй салхи үүсээд байна. Салхины хурд 80 миль/ц-т хүрчээ. Байгалийн гамшиг 100 сая хүн оршин суудаг бүс нутгийг хамраад байна. Миссури, Иллинойс, Индиана, Техас болон Арканзас мужуудад 250 мянга гаруй өрх цахилгаангүй болсон байна. Жоржиа, Арканзас, Оклахома мужид онц байдал зарлажээ. Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахаар Үндэсний гвардийг дайчлаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu