Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, торнадо хар салхины улмаас АНУ-ын Миссисипи, Алабама мужид дор хаяж 26 хүн амиа алдаад байна.
Миссисипи мужийн засгийн газар онц байдал зарлаж, амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Нурангийг цэвэрлэх явцад амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж тус мужийн онцгой байдлын алба мэдээлжээ. Торнадо хуй салхинд хөдөө орон нутгийн жижиг хот, тосгод хамгийн их өртсөн байна. Мод үндсээрээ булгарч, цахилгаан дамжуулах шугам тасарч, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Миссисипи мужийн өмнөд хэсэгт гольфийн бөмбөгний хэмжээтэй мөндөр буусан байна. Шарки тойргийн хоёр мянга орчим оршин суугчтай Роллинг Форк жижиг хот хөрснөөс бүрэн арчигдсан байна. Торнадо шөнө дунд болсон тул унтаж байсан хүмүүс аюулын дохио сонсоогүй байна. Шарки тойрогт хэд хэдэн цагдаагийн эргүүл ор сураггүй алга болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байгалийн гамшигт өртсөн мужуудад тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авна хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан яагаад ийм газар руу үхэн хатан зүтгээд байдаг юм бол