АНУ болон Ираны хэлэлцээ Италийн нийслэлд үргэлжлэх төлөвтэй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж эхэлсэн АНУ болон Ираны албан ёсны төлөөлөгчдийн яриа хэлэлцээний хоёрдугаар үе Италийн нийслэл Ром хотод болох төлөвтэй байна.

Axios порталын мэдээлснээр, Оманы нийслэл Маскат хотод хийсэн шууд бус яриа хэлэлцээнээс ялгаатай нь Америк болон Ираны албаны хүмүүс дараагийн удаад нүүр тулан уулзаж магадгүй ажээ. АНУ болон Ираны албан ёсны төлөөлөгчдийн хоёр дахь уулзалтын өмнө Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси Иранд зочилж, тус улсын цөмийн байгууламжуудыг хянах, шалгах журмыг хэлэлцэх юм байна.

 

Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх Тегеран болон Вашингтоны төлөөлөгчдийн эхний зөвлөлдөөн дөрөвдүгээр сарын 12-нд Оманд болсон юм. Уг уулзалтад Ираны төлөөлөгчдийг тус улсын гадаад харилцааны сайд Аббас Арагчи, АНУ-ын төлөөлөгчдийг тус улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф тэргүүлж оролцсон байна. Ираны гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, уулзалт ажил хэрэгч, тайван уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд талууд зөвлөлдөөнөө үргэлжлүүлэхээр тохиролцсон ажээ.

Дараагийн уулзалтыг АНУ-ын засаг захиргааны санаачилгаар Оманд бус өөр газар хийхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu