Монгол хүн сансарт нисэхдээ “ИНТЕРКОСМОС” хөтөлбөрийн хүрээнд туршилт, судалгаа хийжээ

2025 оны 04 сарын 17

Зөвлөлтийн (хуучин нэрээр) иргэн Юрий Гагарин эр зориг, эрдэм ухаанаараа шалгаран сансрын уудамд анх удаа дүүлэн нисч хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөөр дөнгөж нэгэн жаран өнгөрчээ. Харин Монгол хүн яг 20 жилийн дараа сансарт нисэж манай хүмүүсийн ой тойнд энэ гайхамшигт үйл явдал мартагдахааргүй сууж, жил бүр л баяр бахдалтай тэмдэглэсээр ирэв. Сансрын уудам өнөөдөр дэлхийн олон улсын хамтын ажиллагааны талбар болж, шинэ шинэ амжилтыг гаргасаар байна. Өнөө үед хөлөг-станц улам улмаар боловсронгуй болж сансрын уудамд урт удаан хугацаагаар нарийн туршилт судалгаа хийх, хүн ажиллаж амьдрах найдвартай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ихээхэн ахиц гарсаар байна.

Монгол хүн алдарт Гагарины анхлан гаргасан замыг өргөтгөж,сансрын нислэгт өөрийн хувь нэмрээ оруулснаа дурсалгүй яахав. Жил бүрийн хаврын сард өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэж ирдэг онцгой нэг өдөр байдаг. 1981 оны ийм нэгэн өдрийн морин цагт морьтон ардын хүү Гүррагчаа, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын жолоодсон сансрын "Союз-39" хөлөг хорин сая морины хүчээр эх дэлхийгээсээ тасран хөөрч монголчуудын сүсэглэн залбирах хөх тэнгэрт цойлон гарсан юм. Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос сансарт хүнээ нисгэсэн арав дах улс болов. Сансрын баатруудын хамгийн эхний том ажил бол урьдаас нарийвчлан боловсруулсан хөтөлбөр ёсоор нэг хоногийн дараа Владимир Ковалёнок, Виктор Савиных нарын жолоодсон сансрын "Салют-6"-"Союз Т-14" цогцолбортой хөлгөө залгах явдал байв. Энэ үйлийг зүү барин давхих нэг морьтноо, сүвлэх утас барин давхих нөгөө морьтон нь гүйцэн очиж явуут дундаа сүвлэхтэй зүйрлэж болно. Ямар ч алдаа мадаггүй гайхалтай сайхан сүвлэсээн, тэд. Сансрын хязгааргүй уудамд ийнхүү залгасан цогцолбортоо хоёр орны эрдэмтэн мэргэжилтэн нарын боловсруулсан эрдэм шинжилгээний олон туршилтыг "Интеркосмос" хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэхэд хамтарсан нислэгийн гол зорилго оршиж байв. Сансрын багийнхан сансрын физик-техник, анагаах ухаан, биологи, байгалийн нөөц баялгийг сансраас тандан судлах гэсэн үндсэн хэдэн чиглэлээр гучаад туршилт хийсэн бөгөөд эдгээр туршилтын үр дүнд тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг одоо ч үргэлжлүүлэн хийсээр байгаа нь энэхүү түүхт нислэгийн үр өгөөж, алс хэтээ харсан байдал зүй ёсны бахархлыг төрүүлсээр байдаг.

Нислэгийн явцад төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн  сонирхолтой бөгөөд шинжлэх ухаан практикийн ихээхэн ач холбогдол бүхий зарим онцлог туршилт судалгааны талаар товч өгүүлье.

Жингүйдлийн нөхцөлд шинэ нийлмэл бодис гарган авах технологийн нарийн туршилтууд, сансрын нөхцөлд нэвчих процесс, талсжилт, массын шилжилт хэрхэн явагддагийг судлах зорилгоор манай эрдэмтэдийн боловсруулсан “Эрдэнэт”, “Алтай-1”, “Алтай-2” туршилтуудыг амжилттай хийв. “Эрдэнэт” туршилт нь зэсийн давсны уусах ба талсжихад нэвчих болон хольцын тархалт яаж явагдахыг судлах зорилгоор хийгдсэн бөгөөд энэхүү туршилт микрогравитацийн нөхцөлд дахин талсжих үзэгдлийг ашиглан онцгой цэвэр материал гарган авах технологийг боловсруулахад зохих үр дүнгээ өгсөн байна. Даян дэлхийн олон эрдэмтэн мэргэд өнөөдөр XXI зууныг шинэ материалын зуун болно хэмээн төсөөлж байсан нь хөдөлгөөнгүй батлагдаж байна.Энэ үйлсэд манай эрдэмтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж дэлхийн эрдэмтдийнхээ захиасыг ямар нэг хэмжээгээр биелүүлсэн юм.

“Алтай-1” туршилтаар шингэн төлөв байдалдаа харилцан уусдаг хоёр металлын хайлмаг дахь зөөгдөх, нэвчих үзэгдлийг судалжээ. Энэ туршилтанд хар ба цагаан тугалгыг сонгон авч судлахад микрогравитаци нь масс зөөгдөлд хүчтэй нөлөөлөхгүй боловч нэвчих процесс харьцангуй хурдан явагддагийг нотолжээ. Тэгвэл “Алтай-2” туршилтаар таван исэлт Ваннадын талстыг ургуулах зорилготой байсан бөгөөд туршилтын үр дүнд харьцангуй бага дислокацийн нягттай цул талстыг гарган авсан ба микрогравитаци ургах процесст нөлөөлдгийг тогтоосон байна. Түүнчлэн Монголын ШУА-ийн Физик-Техникийн Хүрээлэн, Москвагийн Их Сургуулийн Цөмийн Физикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн мэрэгжилтнүүд хамтарч бүтээсэн ДПИ-1, ДПИ-2У хэмээх эгэл бөөмсийг бүртгэх багажийг хөлөгт байрлуулан нарийн хэмжилт судалгааг хийсэн нь  онолын чухал таамаглалыг туршлагаар батлах сайхан боломжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан гэж үздэг.

ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан нары орос нөхөдтэйгээ хамтарч зохион бүтээж “Туйлшрал” туршилтанд ашигласан УСП-1, УСП-2 электрон багаж хөлгөөс туршилт хэмжилтийн мэдээг телеметрийн сувгаар дэлхийд шууд дамжуулж байсан төдийгүй дараа дараагийн нислэгүүдэд үргэлжлүүлэн ашиглагдсныг дурдахад нэн таатай. Монголынхоо эрдэмтэн инженер техникийн ажилтан нар оролцон бүтээсэн багаж төхөөрөмж ашиглан Гүррагчаа баатар гуравдугаар сарын 27-ны өдрийн 20110 дахь тойрогтоо туйлшралын хавтгайг тогтоох хэмжилтийн ажлыг бүтэн цаг илүү хугацаанд үнэхээрийн нягт нямбай гүйцэтгэсэн нь шинжлэх ухааны ихээхэн үнэ цэнтэй материал болсон байна.  Биеийн эзлэхүүнт дүрсийг буулган дамжуулах шинэ аргыг боловсруулах явдал орчлон ертөнцийн судалгаанд төдийгүй манай гарагийнхны эрдэм судлал, ахуйн  хэрэглээний хүрээнд чухал ач холбогдолтой болсон гэж үздэг. Энэ талын туршилт судалгааг нислэгийн багийнхан их амжилттай хийж гүйцэтгэсэн байна..

Монголын мэргэжилтнүүд “Чацаргана”  хөтөлбөрийг санаачилж “Борцны шөл”, “Чацарганатай бэлдмэлүүд”( сүү, хайлмаг, бяслаг, ааруул гэх мэт) зэрэг өвөрмөц жортой тусгай зориулалтын хүнсний технологийг хамтран боловсруулж сансрын нисэгчдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бий болгосон нь тухайн үедээ өндөр үнэлэлгээ авсан төдийгүй ирээдүйд сансарт удаан хугацаагаар ажиллаж амьдрах хүмүүсийн амин чухал хэрэгцээг хангах найдвартай хоол хүнсийг бэлдэхэд чухал хувь нэмэр болсон гэж үздэг. Магадгүй, ирээдүйд сансарт удаан хугацаагаар аялах, цаашлаад суурьших манай гаригийнхны хоол хүнсэнд хоолны энэхүү нэр төрөл, жор баттай байрыг эзэлж “Made in Mongolia” гэсэн бичигтэйгээр үйлдвэрлэгдэнэ хэмээн манайхан ихэд бэлэгшээж  байдгийг дурдах юун.

Хүний бие махбод болон амьд организмд сансрын нислэгийн онцгой нөхцөл яаж нөлөөлдгийг бас нарийвчлан судалсан нь цааш цаашдын их үйл хэрэгт чухал нэмэр хандив болсон. Сансрын баатрууд нислэгийн явцад хийж гүйцэтгэх бүх зүйлээ бүрэн дүүрэн биелүүлээд гуравдугаар сарын 30-нд Улаанбаатарын цагаар өглөөний 09 цаг 42 минутад эх дэлхийдээ буцаж ирсэн. Бахархалт энэ үйл хэрэг монгол хүний зүрх сэтгэлд хоногшин үлджээ.       

...Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай... хэмээн одоогоос бараг зуу шахам жилийн тэртээ их найрагч Дашдоржийн Нацагдорж бичиж байжээ. Монгол хүн сансарт ниссэн нь үнэхээр Монголын нэр цууг ертөнцийн сонорт хүргэсээн. Монгол хүн сансарт дахин дахин нисэж XXI зууны шинжлэх ухаан, техник, технологийн гарамгай туршилт, хийж, бахдам сайхан нээлт бүтээлээрээ хүн төрлөхтний мэдлэгийн сан хөмрөгийг улам баяжуулна гэдэгт итгэл төгс байдаг аа, манай эрдэмтэд. Монголчууд өөрийн авьяас, суу ухаанаар ертөнцийн чихийг дахин дахин “дэлдийлгэх”цаг мөч их ойрхон ирсэн гэлцэнэ. Ерөөлөөр болог.

Профессор Н.Түгжсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu