Иран, АНУ-ын шинжээчдийн түвшинд зуучлагчдаар дамжуулан хийх яриа хэлэлцээ Оманд дөрөвдүгээр сарын 23-нд болно гэж Ираны Гадаад харилцааны дэд сайд Казем Гарибабади тус улсын парламентын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны гишүүдтэй уулзахдаа мэдээлжээ.
“Хоёр талын яриа хэлэлцээний сэдвүүдийг нарийвчлан хэлэлцэх техникийн шинжээчдийн зөвлөлдөөн лхагва гарагт Маскат хотод болно. Одоо яриа хэлэлцээ хийх нийтлэг зарчмыг боловсруулж байна” гэж тэр хэлсэн байна.
Ираны тал уран баяжуулах эрхээ хамгаалахыг чухалчилж байгаа бөгөөд энэ асуудал нь Ираны эрх баригчдын баримтлах улаан шугамуудын нэг ажээ. Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны нөхцөл байдлыг зохицуулах Иран, АНУ-ын яриа хэлэлцээний хоёр дахь үе дөрөвдүгээр сарын 19-нд Ромд болсон юм. АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф тэргүүтэй Америкийн төлөөлөгчид болон Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи тэргүүтэй Ираны төлөөлөгчдийн энэ уулзалтаар талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )