Талбайн теннисний домог Мартина Навратилова АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бусад бүх шийдвэрийг эсэргүүцэх ч гэлээ ганцыг нь л дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ нь байгалиасаа эрэгтэй болж төрсөн хүмүүс хүйсээ солиулж, эмэгтэйчүүдтэй хамт тэмцээн уралдаанд хориглох тухай Доналд Трампын шийдвэр юм.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Дээд шүүх трансжендерүүдийг цэвэр эмэгтэй хүн биш гэсэн шийдвэрт хүрсэн нь теннисний ертөнцөд журам тогтооход тус дэм болно гэж мөн үзэж байна.
“Их дуулга”-д 18 удаа түрүүлсэн чех гаралтай, АНУ-ын иргэн Мартина Навратилова бол эмэгтэйчүүдийн спортод зөвхөн эмэгтэйчүүд л өрсөлдөх ёстой гэсэн байр суурийг хатуу баримталдаг, үүнийхээ төлөө сүрдүүлэг, шүүмжлэлд байнга өртдөг нэгэн.
“Надад Трамптай санал нийлэхгүй олон зүйл бий. Гэхдээ ганц шийдвэртэй нь санал нийлж байна. Хэдийгээр намайг үзэл бодлын минь төлөө нацист, ижил хүйстэн гэж гоочилдог ч гэлээ Ардчилсан намынхан хамгийн чухал үед бөмбөгөө Бүгд Найрамдахчуудад алдчихлаа гэж би бодож байна. Одоо хүртэл Ардчилсан намынхан байр сууриа өөрчлөөгүй хэвээр. Харин Трамп яалт ч үгүй зөв байр суурь илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн спортод эрэгтэй хүн оролцохгүй. Тэгээд л болоо. Яагаад гэвэл эрчүүд эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөх нь шударга биш” хэмээн Навратилова мэдэгджээ.
68 настай тэрбээр энэ асуудал зөвхөн спортын салбарыг бус мөн бусад салбарт ч нөлөөгөө үзүүлнэ гэж үзэж байна. “Эмэгтэй хүн гэх тодорхойлолтыг Их Британийн Дээд шүүх гаргаснаар спортод ч бус мөн бусад салбар, хүрээнд ч нөлөөлнө. Би энэ шийдвэрийг алгаа дэлгэн баяртайгаар хүлээн авсан. Тиймээс ийм шийдвэрт хүргэсэн эмэгтэйчүүдийг магтахгүй байхын аргагүй.
Улстөрчид эрчүүдийг эмэгтэйчүүдээс дээгүүр тавьснаар доромжлол, дайралтын бай болгож байгаа. Эмэгтэй хүний сэтгэл санааг хямрааж байгаа” гэж тэр хэлсэн байна.
Их Британийн Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт эмэгтэй хүн гэдэг ойлголтыг байгалиас заяасан хүйсээр нь тодорхойлно гэсэн шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )