Зеленьский Трампт хатуу хариу барив

Я.Болор | Zindaa.mn
50 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд сонгууль явуулах шаардлагын хариуд Украины ард түмэн шинэ удирдагч хэрэгтэй эсэхийг өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгджээ.

“Украинд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй гэж Трамп хэлсэн. Удирдагчаа сонгох нь манай ард түмний дотоод хэрэг” гэж Зеленський АВС News сувагт өгсөн ярилцлагаараа хариу барьжээ.

Трамп Володимир Зеленськийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байхыг хүссэн хүсэлтийг үл ойшоосон хэмээн бургуутгаж, Украинд Москватай хэлцэл байгуулах чадвартай шинэ удирдагч хэрэгтэй гэж мэдэгджээ. Цагааны ордны тэргүүн нэг бус удаа ийм мэдэгдэгдэл хийж байгаа.

Володимир Зеленськийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан. Тухайн үед дайны байдал болон бүх нийтийн дайчилгаа зарласан гэсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг цуцалж байсан билээ.

Володимир Зеленський, Доналд Трампын хооронд ийн зөрчил үүссэн нь Украинд ноцтой үр дагавартай гэж дотооддоо санадарч эхэлсэн тухай Welt суваг дамжуулжээ. Учир нь “Patriot” системийн пуужингийн нийлүүлэлт болон “Starlink” сүлжээний үйлчилгээг зогсоох эрсдэлтэй гэж үзэж байна.  

Үүнтэй зэрэгцэн Доналд Трамп Киев, Москвагийн хооронд эрчим хүчний эвлэрэл үйлчилж эхэлсэн тухай өөрийн Truth Social сүлжээгээр мэдэгджээ.

Axios порталын мэдээллээр, Володимир Зеленськийд энэхүү хэлцлийн талаар мэдэгдээгүй ч тэрбээр Москва зөвшөрөөлвөл хариу алхам хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Үүнээс нэг хоногийн өмнө Майами хотноо АНУ, Украины уулзалт болсон. Энэ үеэр Трампын төлөөлөгчид хэрэв Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохгүй бол тагнуулын мэдээллээ дамжуулахаа зогсооно гэж сануулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми Украины цохилтын хариуд мөн тус улсын эрчим хүчний объектуудад цохилт өгч эхэлсэн тухай мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top