Дээд хэмжээний уулзалт тун удахгүй болно гэсэн хүлээлттэй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Украины удирдагч Владимир Зеленский нартай тун удахгүй уулзана хэмээн АНУ-ын засаг захиргаа тооцоолж байна гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт телевизийн Fox News сувгаар ярихдаа мэдэгджээ.

“Эдгээр уулзалт тун удахгүй болно. Ялангуяа Украины ерөнхийлөгч Зеленскийтэй бүр ойрын хугацаанд уулзана. Ерөнхийлөгч Доналд Трамп газрын ховор металл ашиглах тухай Америк, Украины хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа. Зеленский энэ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Трамп найдаж байна. Америкийн татвар төлөгчдийн Украинд үзүүлсэн тусламжийг харгалзан үзвэл уг хэлэлцээрт гарын үсэг зурах нь зөв байх юм. Америкчууд туслаагүй бол Украин улс байх ч үгүй байсан” гэж Ливитт тэмдэглэсэн байна.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хоёрдугаар сарын 12-нд Киевт айлчилж, хэлэлцээрийн төслийг Зеленскийд гардуулсан юм. Ийм хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан Зеленский уг хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа бөгөөд санал болгосон хувилбарт аюулгүй байдлын баталгаа байхгүй байна гэж үзэж байгаа ажээ.

АНУ-тай байгуулах хэлэлцээрт Зеленский ойрын үед гарын үсэг зурна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Майк Уолтц хоёрдугаар сарын 21-нд мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулах шаардлагатай байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж байгаа бол Зеленский хоёрдугаар сарын 23-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ-тай байгуулах гэрээгээр үүсэх өрийг украинчууд 10 үеэрээ төлөхөд хүрэх учраас түүнд гарын үсэг зурхыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu