Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн байр суурийг онцолж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сэтгүүлч Ц.Ариунаа:
-Түүхийн олон зуун жилийн шалгуурыг дааж цаасан хэвлэл, ном, сонин л үлддэг нь бодит үнэн. Агаарын цэнхэр долгионоор дамжуулж буй радио, телевизийн нэвтрүүлгийг үзэж сонсоход таатай ч хэрэглэгч тэр бүр авч өөртөө авч хадгалж амждаггүй. Сэтгүүлч, судлаачид түүхэн материалын анхдагч эх сурвалжийг сонин хэмээн үзэж номын сангийн фонд, архивт хадгалагдан байгаа сонины шарласан хуудсыг эргүүлж суудаг. Сонин, сэтгүүл хэзээ ч үнэ цэнээ алдалгүй оршин тогтнож байдгийг дэлхийн нэр хүнд бүхий өдөр тутмын сониноос ч бид харж болно. Интернэт хэрэглэх болсон даруйд сонины эрэлт хэрэгцээ буурсан ч сүүлийн үед уншигчид сониноо санаж, далайцтай сайн нийтлэлийг эрж хайсаар олж унших болж. Цахим эрин ирж хуурцаг, CD гарч эхлэхэд хүмүүс пянзыг тоохоо больж байсан бол эргээд хамгийн амьд, сайн бичлэгтэй хэмээн пянз хайж цуглуулж, хамтлаг, дуучид алтан пянзаа гаргах болсон. Үүнтэй адил өдөр тутмын сонины эрэлт нэмэгдэж байна. Мянга мянган жил өнгөрөвч түүхийн гэрч болон сонин оршсоор байх бус уу. Өдөр тутмын сонин бол шинэхэн барьсан талхтай зүйрлэм соёлт хүний өглөө бүрийн угтал билээ.
Сэтгэгдэл ( 0 )