Д.Улаанаа: Сонин үнэ цэнэтэйгээр оршсоор...

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн байр суурийг онцолж байна. 


“Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанаа: Сонин үнэ цэнэтэйгээр оршсоор...

Одоо сонин уншдаг хүн байдаг юм уу... хэмээн асуух хүмүүсийг хараад бага зэрэг гайхах сэтгэл төрдөг. Цахим сүлжээнээс бүх мэдээллийг авчихдаг  хэмээн боддог нь өрөөсгөл. Хамгийн  хурдан хугацаанд түгэн тархдаг цахимд өрнөдөг баталгаатай үгүй нь үл мэдэгдэх мэдээллүүдийн дэргэд кофе уунгаа нухацтай гэгч нь сонин уншдаг хэсэг содон харагддаг. Учир нь мэдээлэлд анализ хийх, шүүж унших боловсрол, чадвартай хүмүүс л сонины жинхэнэ нөхөр байдаг хэмээн дэлхийн хэвлэлийн томоохон төлөөллүүд хүлээн зөвшөөрдөг юм. Сонины дугаар бүрд сэтгүүлчийн нягт нямбай хөдөлмөр гүн шингэж, тэр хэрээр уншигч илүү бодитой, баталгаат эх сурвалж бүхий даацтай мэдээлэл авч чаддагаараа цахим сүлжээг хол хаясаар л. Сонины энэ үнэ цэнийг дээр дурдсан сонины жинхэнэ уншигч, сонинд дурлагчид, мөн сонин бүтээдэг уран бүтээлчид мэднэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон  мэдээллийг шүүж дэлгэц ухахаас өмнө өөрийн уншдаг тогтмол хэвлэлийн нүүрүүдээс баримтуудаар баталгаажуулж, мэргэшсэн сэтгүүлчийн эрэл хайгуулаас бүтсэн томоохон нийтлэлийг унших нь илүү амар байдаг хэмээн сониныхоо байнгын уншигчдаасаа сонсох сайхан шүү. Монголд Сэтгүүл зүй анх үүсэхдээ /1913.03.06/ сониноор сууриа тавьж байсан. Өдгөө ч сонин байр сууриа алдаагүй яваа нь цаасан хэвлэлийн орон зай, түүний үр өгөөж, архивын түүх болон цаг хугацааны туршид мэдээллийг тийн хадгалсаар байдгийн ач холбогдлыг олон нийт мэддэг болсны илрэл буюу. Хойч үедээ түүхийн асар том архивыг цаасан дээр буулган үлдээгч сонины уран бүтээлчдээрээ бахархнам. Ялангуяа орон нутгийн хязгаарлагдмал зах зээлд АЙМГИЙН СОНИН хэмээх өвөрмөц онцлогтой, тоотой хэдхэн тогтмол хэвлэлийн галыг таслахгүй яваа хэдхэн луугар эрхлэгч нараа цагийн салхинд нугаршгүй баатруудтай адилтгадаг билээ. Цахим сүлжээ хэдийгээр сонирхолтой ч бидний амьд харилцааг үгүй хийж, найдвартай мэдээлэл мөн эсэхэд эргэлздэг бүлэг бий болсон нь энд бичээд байгаа  сонины уншигчдын талбар. Барууны орнуудад цахим сүлжээ манай улсаас илүү газар авсан ч сонины хэрэглэгчид, хэвлэгдэн гардаг тоо ширхэг нь буураагүй л. Аль ч үед амь бөхтэй оршдог сонины унших эрэлт буцаад сэргэж байгаа нь уламжлалт цаасан хэвлэлийн сайн үр дагавруудыг олон нийт нэхэж, хайж байна гэсэн үг. Энэ бол хүн  хоорондын шууд харилцааг бөхлөгч хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл  болон оршсоор байхын бүрэн баталгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu