32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна.
Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд хариуцлага тооцох юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Гэвч шинэчилсэн явган зам эхнээсээ механик гэмтэл авч эвдэрч эхэлсэн. Тодруулбал, хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч камерын хяналтаа сайжруулсан. Өнгөрсөн 18 хоногийн хяналтаар тус явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон боловч зөрчлийн тоо буурахгүй байна” гэлээ.
Мөн тус ажлын гүйцэтгэгч компанийн зүгээс үргэлжлүүлэн явган замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөд дээр дурдсан иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдэл нь их хэмжээний механик гэмтэл үүсгэн хүндрэл учруулж байгааг дурдлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Маш их хөрөнгө зарцуулагдаж байгаа гэдгийг ойлгож гүйцэтгэгч компаниуд ажлаа чанартай, стандартын дагуу хий. Явган зам гэдгийг мэдсээр байж дээгүүр нь явж байгаа хүнд механизм. ачааны болон суудлын машин эзэмшдэг нөхдүүдийг дахин үйлдэхгүй болтол нь базах хэрэгтэй.
3-р хорооллын авто замын явган хүн, дугуйн замыг майхан барьсан худалдаа эрхлэгч нар эзэлж хотын гудамжийг хар зах болгож байна. Мөн зам дагуу зогсоолыг худалдаа эрхлэгч иргэдийн барааны агуулах болсон машин,, алфард, ванет, бүхээгтэй портер бонгонууд эзэлж зогсон шөнөдөө бараагаа хурааж хонуулж байгаа нь зогсоол тэдний хувийн өмч болсон мэт. Татвар түрээс төлөхгүй 100 хувь ашигтай наймаачид бол гудамжийг зах болгогч нөхдүүд ба зах, дэлгүүр, дэлгүүрт лангуу түрээслэгч нарын орлогыг хааж үүднээс нь үйлчлүүлэгчдийг хулгайлж буй шударга бус явдал гэж харж байна.