Орос-Украины дайныг зогсоох асуудлаар Владимир Путин, Владимир Зеленский болон Доналд Трамп нарын гурван талт уулзалтыг Европ тивд хийнэ гэсэн ерөнхий чиг гарсан.
Тэгвэл аль улсад хийж болох вэ? гэсэн асуултын хариулт одоогоор тодорхойгүй байна. Уулзалтыг зохион байгуулж болох хотуудын тоонд Италийн Ром, Белорусийн Минск, Унгарын Будапешт болон Швейцарийн Женев хотууд нэрлэгдэж байна.

Тэгвэл Швейцарийн Гадаад хэргийн сайд Иньяцио Кассис хэрвээ Женев хотноо энэ уулзалт болох юм бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлахгүй гэж мэдэгдлээ. “Путин хувийн айлчлалаар бус харин энхтайвныг тогтоохоор уулзалтад ирэх учир баривчлахгүй” хэмээн Кассис мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч уулзалтыг Женев хотноо хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. “Уулзалтыг төвийг сахигч оронд, тухайлбал Швейцарийн Женевт хийхийг би дэмжинэ. Эсвэл төвийг сахигч өөр улсад ч хийж болно” хэмээн Макрон мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 18-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Европын хэд хэдэн улсын төрийн тэргүүн уулзаж, Орос-Украины дайны галыг зогсоох тухай хэлэлцэх уулзалтыг хийхээр тогтсон билээ.

Сэтгэгдэл ( 2 )
Одоо брикс улам нягтрах хэрэгтэй болжээ
ногоон болон европын малан бомбоонуудтай путтин уулзахгүй цагийн гарз дайн үргэлжилж украин дуусах болно