Сошиал орчинг шударга ёс, сайхан сэтгэлийн цогцлоороо байлдан дагуулж, олон сая хүний хайрыг татсан шүүгч Фрэнк Каприо 88 насандаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгссөн тухай эмгэнэлт мэдээ өчигдөр түглээ. Түүнийг Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй шүүгч хэмээн тодотгон нэрлэдэг байлаа.
Эрүүгийн хэрэг болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргүүдийг шүүн тасалж буй Caught in Providence реалити-шоу нэвтрүүлгээр олны танил болсон Фрэнк Каприогийн инстаграм хаягт эмгэнэлт мэдээг өчигдөр нийтэлсэн байна.
“Фрэнк Каприо нойр булчирхайн хорт хавдартай удаан хугацааны турш эрэлхэгээр тэмцсэний эцэст 88 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ” гэж дурджээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр Каприо хэрхэн өвчинтэйгээ тэмцэж буй талаараа ярьснаа TikTok-д нийтэлж байлаа.
“Хорт хавдартай тэмцэж, даван туулсан хүн бүрийн өмнө мэхийе. Би яг одоо энэ тэмцэлд ороод байна. Хорт хавдартайгаа тэмцэж эхэлснээс хойш жил хагасын хугацаа өнгөрлөө. Нэг л өдөр өөрийгөө даван туулагч гэж хэлэх боломж бурхан өгнө гэж найдаж байна” хэмээн тэрээр өгүүлж байсан юм.
Эмгэнэлт мэдээг нийтлэхээс хэдхэн цагийн өмнө эмнэлгийн орон дээр байгаа зургийг нь инстаграмд оруулж, чин сэтгэлээсээ дэмжиж, залбирсан олон хүнд талархаж буйгаа илэрхийлсэн нь түүний сүүлчийн хүсэл байсан бололтой. Фрэнк Каприог инстаграмд 3.3 сая, TikTok-д 1.6 сая хүн дагаж байсан юм.
Фрэнк Каприогийн олны сэтгэлд хүрсэн шийдвэрүүдийн нэг нь 63 настай хүүтэйгээ хамт явж байгаад зөрчил гаргасан 96 настай хөгшнийг шоронд оруулалгүйгээр өршөөсөн нь байдаг. “Хүү маань хорт хавдартай. Би цусны шинжилгээг нь өгүүлэхээр яаран явж байсан юм” гэж 96 настай хөгшнийг шүүхийн танхимд хэлэхэд Каприо “Та сайн хүн юм. Америк орны жинхэнэ дүр төрхийг илтгэж чадах хүн байна. Та 90 гарчихсан хэрнээ гэр бүлээ гэж явна шүү дээ. Үнэхээр гайхамшигтай” гэж магтаж, өршөөдөг.

Caught in Providence реалити-шоу “Эмми”-д гурван ч удаа нэр дэвшиж байлаа. Харин Каприо өөрөө 2024 онд “Өдрийн шууд нэвтрүүлгийн Онцлох хүн”-ээр нэрлэгдэж байсан юм.
Каприо яаж Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй шүүгч гэж нэрлэгдэх хэмжээнд хүрснээ ярихдаа аавынх нь үг их хүчтэй нөлөөлж, нүдийг нь нээж өгсөн гэдэг байв. 38 настайтаа шүүгчээр ажиллаж байхад аав нь нэг өдөр иржээ. Яг тэр өдөр гурван хүүхэдтэй нэгэн эмэгтэй автозогсоолын 300 ам.долларыг төлөөгүй хэргийнхээ улмаас шүүхийн танхимд шүүгдэж байлаа. Эмэгтэй мөнгөгүй учир төлж чадахгүй гэсэнд шүүгч Каприо бухимдан “Тэгвэл таны машиныг журамлана” гэж хатуурхжээ. Каприо тэр эмэгтэйг зориудаар бүдүүлэг зан гаргаж байна хэмээн бодсон бол харин аав нь “Үгүй ээ, тэр эмэгтэй зүгээр л айчихсан байна. Чи тэр эмэгтэйд уурлах биш харин асуудлын үндсийг нь олохын тулд ярилцах хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. Мөн аав нь бусад шүүгдэгчидтэй дахин хэзээ ч тийм маягаар битгий харилцаж бай гэж сургасан юм билээ. Үүнээс хойш итали гаралтай Фрэнк Каприо аавынхаа үгийг бодож, шийдвэр гаргахынхаа өмнө эхлээд хэргийн үндсэн шалтгааныг олж, ойлгохыг хичээх болжээ.

“Фрэнк Каприо бидний сэтгэл зүрхэнд хүндэт шүүгч, журамт нөхөр, сайн аав, халамжит өвөө, хайртай өвөг эцэг болон үнэнч найзын хувиар үүрд хоногшин үлдэнэ. Олон хэрэг дээр хүний сайхан сэтгэлээр шийдвэр гаргасан гэгээн сайхан үйлс, өв нь үүрд амьд хадгалагдан үлдэх болно. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, хүн бүр өдөр бүр эх Дэлхийдээ бага ч гэсэн энэрэнгүй сайхан зүйл хийхийг хүсье” хэмээн эмгэнэлийн үгэнд тэмдэглэн бичжээ.

Сэтгэгдэл ( 7 )
Сайн хүн байжээ. Ум ма ни бад мэ хум.
Ум ма ни бад мэ хум\n
Ум сайн болог.\nМанай системд авууштай л талийгаач байжээ.\nНамаг дотор сайхан цэцэг ургадаг гэдэг байхаа.
Түүний хүнлэг сайхан сэтгэл,ухаалаг энэрэнгүй зан чанар нь олон гэр бүлийн амьдралд гэрэл гэгээ оруулж,дахин жижиг том алдаа гаргахгүйг хичээх шалтгаан нь болсонд эргэлзэхгүй байна.\nЭх дэлхийдээ эргэн төрөөрэй
Түүний хүнлэг сайхан сэтгэл,ухаалаг энэрэнгүй зан чанар нь олон гэр бүлийн амьдралд гэрэл гэгээ оруулж,дахин жижиг том алдаа гаргахгүйг хичээх шалтгаан нь болсонд эргэлзэхгүй байна.\nЭх дэлхийдээ эргэн төрөөрэй
Сайхан сэтгэлтэй гэнэ шүү ! Америкийн шүүх тэр чигтээ хэн нэг баян , эрх мэдэлтэй нь өрсөлдөгчөө алж хядах , өш хонзонгоо авахад үйлчилдэг гэдэг биз дээ . Тжр хайрцгаас халина гэж байхгүй !!!!
Түүний хүнлэг сэтгэл мөнхөд дурсагдана