Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаанаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.

Энэ үеэр бригадын генерал Ц.Ганзориг Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгааг тэмдэглээд, “Байгалийн гамшгийн давтамж, хамрах хүрээ, хор уршиг жилээс жилд өсч байгаа нь урьдчилан сэргийлэх болон бэлтгэл хангах ажлыг илүү нягт хамтын ажиллагаатай хэрэгжүүлэх шаардлагатай байнө. Мөн Монгол орны хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг дурдан, хүмүүнлэгийн багийн хамтын ажиллагаа иргэдийн амьжиргааг хамгаалахад чухал үүрэгтэй” хэмээн онцоллоо.

Уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хүмүүнлэгийн багийн гишүүд оролцож, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн бусад мэдээлэлтэй танилцсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан цаашид өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр санал, зөвлөмж солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top