Ардын намын дарга СПИКЕР болох уу, ЕРӨНХИЙ САЙД болох уу!

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

Амралтын өдрүүдээр Ардын намынхан хуралдсан. Хуралдахад нэг зүйл тодорхой байсан нь Н.Учрал дарга болох байв. Нэгэнт өрсөлдөгч байгаагүйн дээр намын “томчууд” тохироо хийчихсэн учраас Н.Учрал тодорхой байсан ч чухам танхимаас хэн дэвших вэ гэдэг асуулт тодорхойгүй байв. Сонирхолтой нь танхимаас “Танхим”-ын Б.Лхагважав дэвшив. Эцсийн үр дүн нь мэдээж Н.Учрал намын дарга болсон. Гэхдээ нэг асуулт тодорхойгүй хэвээр үлдэв. Н.Учрал УИХ-ын дарга болох уу, Ерөнхий сайд болох уу гэдэг асуулт. Улс төрийн өнгө будгийг нь харвал тэр Ерөнхий сайд болохгүй. Сөрөг хүчин болон намын зарим улстөрчдийн шахалтыг харвал УИХ-ын дарга ч болохгүй. Тэгэхээр Н.Учрал “нүцгэн ноён” болчихсон уу гэдэг бүр эсэргүү асуулт гарч ирнэ.

Улс төрийн тохироо

Намын даргын төлөө хоёр сар шахам зодолдож, сүүлдээ институц хоорондын зөрчил болох дээрээ тулсан Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар хурлын өмнөхөн нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Нэг нь улс төрийн карьераа дуусгахгүй, нөгөө нь засагтай үлдэхийн тулд улс төрийн тохироо хийчихсэн гэж үзэх судлаачид олон байна. Үүнийг гэрчлэх нэг баримт байгаа нь Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар 31-р их хурлаар Н.Учралыг намын даргад дэмжсэн. Тэгэхээр улс төрийн дэмжлэг хийгээд “сүрэг бүтэн гэдэс цатгалан” үлдсэн гэсэн үг.

Н.Учрал ч намын даргын төлөө өрсөлдөж байхдаа индэр дээрээс энэ тохироо болсон гэдгийг битүүдээ хэлчихсэн. Тэрээр “Засгийн газартайгаа уялдаатай, хамтран ажиллах нь намын даргын үүрэг” хэмээн тодотгоод “Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө ажиллана” гэдгийг онцолсон юм. Зөвхөн тэр ч биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ч “Засгийн газрын 2030 он хүртэл хэрэгжүүлэх үндсэн бодлогын чиглэлийг Ерөнхий сайд танилцуулсан” гэдгийг онцолж, намын зүгээс энэ бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл удирдах түвшиндээ Засгийн газрыг тогтвортой байлгахаар тохирсон байна. Энэ нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүтэн засаг бүлээн нүүртэй орох гэсэн улс төрийн стратеги байж болох юм.

Дүрмийн “шинэчлэл”

Хүмүүс Н.Учралд л анхаарсан болохоос дүрэм чухам яаж шинэчлэгдсэн бэ гэдэг дээр анхаарсангүй. Ялангуяа Намын дарга ер нь хэн байх юм бэ гэдэг тодорхойлолт ердөө өөрчлөгдөөгүйг анзаарсангүй. Намын дүрэмд “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг заалт хэвээр үлдчихсэн. Тэрнээс биш өнөөгийн маргааныг эцэслэх ёстой “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн саналыг намын дүрэмд тусгахыг их хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй. Шууд утгаараа Н.Учрал Ерөнхий сайд болохгүй гэсэн үг.

Улс төрийн тохироо нэгэнт хийгдчихсэн тул намын даргын хувьд хамгийн том сорилт нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Монгол Улс түүхэндээ анх удаагаа УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах гэж байна. Нэг талаараа 2028 оны УИХ-ын сонгуулийн өнгө төрх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас харагдах тул намын даргын хувьд чухам ямархан ажиллаж байгааг дүгнэчихэж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар нэр дэвших магадлал өндөр байгаа тул  Н.Учрал намын дарга болоод баримтлах байр суурь нь намын дотоод тэнцвэрийг хадгалахад оршино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top