
Монгол төрийн хамгийн хүндтэй, ёслол хүндэтгэл төгөлдөр хүртээдэг эрхэм дээд шагнал бол “Чингис хаан” тэргүүн зэргийн одон юм. Энэхүү нэр хүндтэй одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди санаачилж 2004 онд УИХ-аас 21 дүгээр тогтоолоор баталсан билээ. Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээжээ.
Одонгийн анхныхыг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долоодугаар сарын 11-нд үндэсний их баяр наадмаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбатад гардуулсан юм. Ийнхүү анх Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр шагналыг хүртээж байхаар тогтоож, үүнээс хойш улсын их баяр наадмаар тус одонгоор эхний зургаан эрхмийг шагнажээ.
Эзэн Чингис хааны мэндэлсэн огноог нарийвчлан тогтоосны дараа УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны мэлмий гийсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр - “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болов.
"Чингис хаан” одонг 2007, 2008, 2018 онд, мөн 2020 онд дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын үеэр олголгүй өнжиж байв. “Чингис хаан” одонг жилдээ нэг удаа нэг хүртэл хүнд олгох хязгаартай хэмээн анх тогтоож байсан боловч 2021 онд нэг хүн, нэг байгууллага, 2022 онд хоёр эрхэмд хүртээсэн юм. Өнөөдрийн байдлаар уг шагналыг 16 хувь эрхэм, үүний дотор гадаад улсын хоёр иргэн, байгууллагаас THE HU хамтлаг, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Морин хуурын чуулга тус тус хүртээд байна.
ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭГСЭД:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын дарга асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар олимпын аварга, Бээжингийн олимпын алтан медальт, Лондонгийн олимпын мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан дэлхийд гаргасан THE HU хамтлаг
2021 онд Монгол Улсаас сансарт ниссэн одоогоор цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисэгч, нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
2022 онд Академич Дэчингунгаагийн Доржготов
2022 онд Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд / Jack Weatherford. АНУ-ын иргэн/
2023 онд Морин хуурын чуулга
2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн /БНСУ-ын иргэн/
2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Содовсүрэнгийн Нарангэрэл
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН ХҮРТЭГСДИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭН ТАНИЛЦУУЛБАЛ,
2005 он П.ОЧИРБАТ
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдөр хоёр дахь бүрэн эрхээ өндөрлүүлэхдээ гаргасан 188 дугаартай сүүлийн зарлигаараа “Чингис хаан” одонг анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээхээр болсон бөгөөд уг шагналыг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа улсын их баяр наадмаар гардуулж байв.
2006 он Б.ШАРАВ
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулан “Чингис хаан” дуурь бүтээснийг өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ. Түүнээс хойш “Чингис хаан” одон гардуулах үйл ажиллагааг 2007, 2008 онд түр завсарласан юм.
2009 он Д.БЯМБАСҮРЭН
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг шагнажээ.
2010 он Р.ГОНЧИГДОРЖ
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын анхны бөгөөд сүүлийн Дэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржид Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээжээ.
2011 он Н.БАГАБАНДИ
Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид уг одонг хүртээжээ. Энэ удаагийн одонгийн эзэн нь өөрөө тус шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байв.
2012 он Д.ДЭМБЭРЭЛ
Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Чингис хаан” одонг хүртээсэн байна.
2013 он Д.СОДНОМ
Мөн оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол 2013 оноос эхлэн “Чингис хаан” одонг Эзэн Чингис хааны мэлмий гийсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-Монгол бахархлын өдрөөр гардуулдаг байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарав. Энэ удаа Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг Монголын төрийн албанд нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном хүртсэн юм.
2014 он Х.НАМСРАЙ
Дэлхийд данстай монгол эрдэмтдийн нэг Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнав. Х.Намсрай нь Физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон юм.
2015 он Г.МЭНД-ООЁО
Яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээжээ.
2016 он Г.АРИУНБААТАР
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон билээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн дуурийн урлагийн өнгийг тодорхойлж, дэлхийн дуучныг тунхагладаг П.И.Чайковскийн олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож эх орондоо анх удаа “Тэргүүн байр”-ын шагналыг авч ирэн дэлхийд данстай дуучин гэдгээ харуулсан бөгөөд олон улс орны тайзнаа улсынхаа нэрийг мандуулсан билээ.
2017 он Н.ТҮВШИНБАЯР
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаярт тус одонг хүртээв. Тэрбээр Монгол Улсын анхны олимпын аварга, 2008 оны Бээжингийн олимпын алтан медальт, 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт бөгөөд Монголын анхны олимпын хос медальт жудоч юм.
2019 он “THE HU” ХАМТЛАГ
Тус хамтлаг “Чингис хаан” одонт анхны байгууллага юм. Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан "The Hu" хамтлагт "Чингис хаан" одонг хүртээсэн билээ. Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн 2016 онд үүсгэн байгуулсан тус хамтлаг Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан тул ийнхүү шагнасан байна.
2020 онд дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одон гардуулах ёслол өнжсөн юм. Харин 2021 онд нэг эрхэм, нэг байгууллагад одонг гардуулав.
2021 он Ж.ГҮРРАГЧАА
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээв.
2021 он ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд 2021 оны тавдугаар сарын 29-нд гардуулсан нь тус шагнал хүртсэн хоёр дахь байгууллага болов.
2022 он Д.ДОРЖГОТОВ, ЖАК УЭТЕРФОРД
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, нэрт эрдэмтэн, хөрс судлаач Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд нарт “Чингис хаан” одонг гардуулав. Жак Уэтерфорд нь энэ эрхэм шагналыг хүртсэн анхны гадаад иргэн билээ. Мөн анх удаа хоёр хүнд одон гардуулсан нь энэ байлаа.
Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд нь Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан билээ.
2023 он МОРИН ХУУРЫН ЧУУЛГА
2023 онд “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгад хүртээснээр уг шагналыг гардсан гурав дахь байгууллага болов. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монголчуудын өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь үнэлэн "Чингис хаан" одонгоор ийнхүү шагнасан юм.
2024 он БАН ГИ МҮН
2024 оны “Чингис хаан одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд хүртээснээр тэрбээр уг эрхэм шагналыг гардсан гадаадын хоёр дахь иргэн болсон юм.
Бан Ги Мүн нь Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Тэрбээр БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байв.
2025 он С.НАРАНГЭРЭЛ
Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулан Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээж байна.
Сэтгэгдэл ( 0 )