Хяналтын камер хакердсан дөрвөн хүнийг баривчилжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

Өмнөд Солонгост айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 120 гаруй мянган хяналтын камерыг хакердаж, хориотой цахим хуудаст байршуулдаг байсан дөрвөн хүнийг баривчилжээ. Дээрх этгээдүүд IP хаягийг нь тогтоох замаар нууц үгийг нь өөрчилж, нэвтэрсэн бичлэгээ хориотой сайтуудад байршуулсныг тогтоосон байна.

Айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн түлхүү ашигладаг камерууд нь тухайн интернэтийн сүлжээнд холбогддог, хакерууд нэвтрэх боломжтой байдаг нь ийнхүү хэрэг гарах гол шалтгаан болжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр дээрх дөрвөн хүн өөр хоорондоо холбоогүй болохыг нь тогтоосон байна.

Дөрвөн сэжигтний нэг нь 63 мянган камерыг хакердаж, бэлгийн мөлжлөгийн шинжтэй 545 дүрс бичлэгийг хориотой сайтуудад байршуулж, 12.3 мянган ам.доллар олсон байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Өөр нэгэн этгээд 70 мянган камер хакердаж 648 дүрс бичлэг байршуулан 18 сая вон олсон байж болзошгүй байна.

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага хууль бус хориотой цахим хуудаснуудыг хаах, дүрс бичлэгүүдийг устгахааар гаднын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top