Лиг-1 | Хүн дутуу ПСЖ ялалт байгууллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Францын Лиг 1-ийн 20-р тойргийн тоглолтод Пари Сен Жермен Страсбург клубийн талбайд зочилж, эцсийн мөчид ялалт байгууллаа. Ийнхүү ялалт байгуулснаар тэд Лиг 1-ийн хүснэгтийг хоёр онооны илүүгээр тэргүүлж эхэллээ. ПСЖ клуб сүүлийн зургаан тоглолт дараалан ялалт байгуулаад байна.

Долоо хоногийн дундуур Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарч чадаагүй ПСЖ тоглолтыг нэлээд хэцүүхэн эхлүүлсэн. Талбайн эзэд тоглолтын эхэнд гоол оруулах дөхсөн ч Матвей Сафонов гайхалтай хаасан юм. Зочид сөрөг довтолгоогоор гоол оруулах гэсэн боловч гоол орсонгүй. Тоглолтын 19 дэх минутад Страсбургийн хагас хамгаалагч Абдул Уттарагийн цохилтыг Маркиньос хамгаалахдаа гар хүрч улмаар торгуулийн цохилт заасан юм. 11 м-ийн торгуулийн цохилтыг эзэн багаас Паничелли гүйцэтгэсэн боловч алдлаа. Ийнхүү зочдод дахин нэг боломж гарч төд удалгүй тоглолтын 22 дахь минутад ПСЖ клубийн Сенни Маюлу гоол оруулж тэргүүллийг авчирсан. Эхний гоол ороод төд удалгүй талбайн эздээс хашир туршлагатай Бен Чилвеллийн дамжуулалтыг Гуела Дуе гоол болгож тэнцүүлсэн юм. Тоглолтын эхний үе дуусахаас өмнө Хулио Энсисо, Ашраф Хакими нар тэргүүллийг баталгаажуулах гэсэн боловч чадаагүй. Эзэд ч боломж гаргасан. Ийнхүү эхний үе тэнцээгээр өндөрлөсөн юм.

ПСЖ клуб Лиг 1-ийн хүснэгтийг 48 оноотой тэргүүлж эхэллээ. 

Хоёрдугаар үе эхлэхэд аль, аль нь гоолын боломж үүсгэж байсан боловч ПСЖ клуб харьцангуй илүү бөмбөг эзэмшиж байлаа. Страсбургийн хувьд айлын довтолгоог няцааж улмаар сөрөг довтолгоонд шилжих тактик баримталсан. Тоглолтын сүүлийн 15 минутад ПСЖ клубийн Хакими спортын бус алдаа гаргаж талбайгаас хөөгдсөн. Чухам энэ боломжийг ашиглан тэргүүлэхийг хичээж, бөмбөг эзэмшилт ч илүү гарлаа. Гэхдээ ПСЖ-ийн хамгаалалт задарсангүй. Тоглолт дуусахаас өмнө 81 дэх минутад Уоррен Зайр-Эмиригийн гайхалтай нэгэн дамжуулалтыг Нуно Мендеш оруулснаар зочид тэргүүллээ баталгаажууллаа. Тоглолтын сүүлд эзэд тэнцүүлэх гэж хичээсэн боловч чадсангүй. Ингэснээр Страсбургийн дасгалжуулагчаар томилогдсон Гари О’Нил анхны хожигдлаа авч, тус клуб бүх тэмцээнийг оролцуулаад ес хожигдсон нь клубийн анхны тохиолдол. Ялалт байгуулсан ПСЖ клуб Лиг 1-ийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд Ленс клубээс хоёр онооны илүүгээр тэргүүлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top