Тийм ээ. Уншигч та буруу сонсоогүй. Барселона клуб цомын тэмцээний хүрээнд 1943 оноос хойш анх удаа дөрвөн гоолын зөрүүгээр хожигдлоо. Энэ гутамшигт ялагдлыг Атлетико Мадридчууд амсуулсан. Үр дүн нь л 4 болохоос нийслэл хотынхон гурав, дөрвөн гоолын боломжийг салхинд хийсгэснийг дурдах нь зүйтэй.
Атлетико Мадрид эхнээсээ л ширүүн довтолж эхэлсэн. Үүний үр дүнд Жулиано Симеонегийн цохилт гоол болохоо шахав. Тоглолтын зургаа дахь минутад Барса гоолдов. Гэхдээ өөрийнхөө хаалганд. Ур чадвартай хамгаалагч гэдгээрээ алдартай Эрик Гарсиа өөрийнхөө хаалганд бөмбөг оруулсан нь энэ. Бөмбөг эзэмшилтийн тухайд Барса илүү байсан ч бөмбөгийг үр дүнд хүргэх, зөв зохион байгуулж, найруулах тал дээр Симеонегийн залуучууд сайн байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч Антуан Гризманнын зүүн хөлийн цохилт гоол болж, эхний үеийн 15 дахь минут гэхэд талбайн эзэд 2:0 тэргүүлж эхэллээ.
Барселона клуб цомын тэмцээнд 1943 оноос хойш анх удаа дөрвөн гоолын зөрүүгээр хожигдлоо. Мөн 2004/05 оны улирлаас хойш анх удаа эхний хагаст дөрвөн гоол алдлаа...
Эзэд хоёр бөмбөгний зөрүүгээр тэргүүлж эхэлсний дараа Барса урагш зүтгэсээр байв. Фермин Лопесийн дамжуулалт дундын бүсэд үр дүнтэй байсан ч гоол болж чадахгүй л байв. Атлетичуудын ойлголцол сайн байж тоглолтын 33 дахь минутад Жулиан Алварезийн гоёмсог дамжуулалтаар Адемола Лукман гоолдож 3:0 тэргүүлж эхэллээ. Адемола Лукман энэ өвлийн наймааны цонхоор Мадридад ирээд том тоглолтод ийнхүү өөрийгөө харуулсан нь энэ. Ханси Флик үүний дараа Марк Касадог сэлгээгээр суулгаж Левандовскиг оруулж ирсэн. Тэгээд ч үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сонин нь 45+2 минутад Лукман-Алварезийн хослол үр дүнд хүрч 4:0 итгэл төгс тэргүүлж эхэллээ. Энэ удаад Алварез гоолдсон гэдгийг тэмдэглэх нь зүй. Ийнхүү Барса 2004/05 оны улирлааас хойш анх удаагаа эхний үед дөрвөн гоол алдсан нь энэ.
Эхний үе Барсагийн хувьд арай өөр байсан. Довтолгооны шахалт үр дүнгээ өгч Пау Кубарси гоол оруулсан. Гэхдээ отон тоглолт мөн бишийг бараг найман минут шалгасны дараа түүний гоолыг тоцоогүй юм. Хэрэв энэ гоол орсон бол тоглолтын үр дүн арай өөр дуусаж болох байсан. Дайран дээр давс гэдэг шиг тоглолтын 85 дахь минутад Эрик Гарсиа улаан хуудас авч талбайгаас хөөгдлөө. Ийнхүү тоглолт энэ дүнгээр өндөрлөсөн.
Тоглолтын дараа Барселона клубийн менежер Ханси Флик хэлэхдээ “Бид эхний хагаст ердөө тоголж чадсангүй. Атлетико хожлын төлөө хэрхэн тэмцэж буйг харлаа. Хоёрдугаар хагасыг би сайн байсан гэж хэлнэ. Бид эхний үе, хоёрдугаар үеийг 2-0 гэж эхлэх хангалттай боломжтой байлаа. Даанч чадсангүй. Бид багийнхнаараа бахархдаг. Иргэн ирж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
Эзэн хааны цомын хагас шигшээн хариу тоглолт ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд болно.

Сэтгэгдэл ( 0 )