ОБЕГ | Алба хаагчид БНСУ-д гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалтанд хамрагдлаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БНСУ-ын Инчон хотод байрлах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн Хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийн арга хэрэгслүүд” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяагаар ахлуулсан 15 алба хаагч хамрагдлаа. 

 

 

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний чадавхыг бэхжүүлэх, байгууллагын түвшний уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн гэдгээрээ онцлог байлаа. 

Алба хаагчид гамшгийн эрсдэлийг бууруулах суурь ойлголт, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг зэрэг дэлхийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үндэсний болон орон нутгийн түвшний тэсвэржилтийн төлөвлөлтийн арга зүй, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн механизмын талаар мэдлэгээ дээшлүүлж, нэгдсэн эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бүлгийн хэлэлцүүлэг, дадлага ажил хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

 

 

Мөн сургалтын хүрээнд БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам болон бусад улсуудын туршлагаас суралцахын зэрэгцээ Инчон хотын Шуурхай удирдлагын төвд зочилж, гамшгийн эрсдэлийн нэгдсэн удирдлага, шуурхай хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцлаа.

Энэхүү сургалт нь ОБЕГ-ын газар, нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ эзэмшсэн мэдлэг, арга хэрэгслийг үндэсний болон орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлэх замаар Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, улмаар улсын гамшгийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top