Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудыг хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал явуулжээ. Санал асуулгаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын 17 буюу 94.4 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн бол Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боломжгүй гэдэг санал ирүүлсэн. Хувийн их, дээд сургуулиудын хувьд 33 нь буюу 70.2 хувь боломжтой, 12 нь буюу 25.5 хувь боломжгүй, хоёр нь буюу 4.3 хувь санал ирүүлээгүй гэдэг дүн гарсан байна.
Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгааны дүнг үндэслэн их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-аас эхлүүлэх чиглэл өгсөн байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө батлан, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой байдаг аж.
Энэ нь цэцэрлэг, дунд, дээд сургуулийн хичээлийн жилийн нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдийн санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ бөгөөд монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцнэ гэж үзсэн байна. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицож, зохистой нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зэргийг харгалзан үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )