АНУ Иранд 15 заалт бүхий санал илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ Ираны эрх баригчдад Ойрх Дорнодод мөргөлдөөнийг зогсоох талаар 15 заалт бүхий төлөвлөгөө илгээсэн тухай The New York Times сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Пакистан үүнд зуучилсан байна. Төлөвлөгөөнд Ираны пуужин болон цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойтой холбоотой заалтууд оржээ.

Энэ сарын 23-нд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп АНУ нь Иран улстай цэргийн ажиллагааг төгсгөх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ явуулсан тухай Truth Social сүлжээнд бичсэн. Тэрбээр Пентагонд Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо таван хоногоор хойшлуулах үүрэг өгсөн тухай мөн мэдээлсэн.

Харин Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи Тегеран Вашингтонтой ямар ч хэлэлцээ хийгээгүй гээд зуучлагч талд өөрийн байр сууриа илэрхийлсэн тухай мэдэгджээ.

CNBC сувгийн дамжуулснаар, Доналд Трамп таван хоногийн дотор цэргийн ажиллагааг зогсоох тал дээр ихээхэн дэвшилд хүрнэ гэж найдаж байна. Тэрбээр Ираны “дэглэмийг өөрчилсөн” гэж үзэж байна.

Иран, АНУ-ын хооронд Турк, Египет, Пакистан улс зуучлах үүрэг гүйцэтгэж байна гэж Axios портал мэдээлжээ. Эдгээр улсын өндөр хэмжээний албан тушаалтнууд Цагаан ордны тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай тус тусдаа яриа хэлэлцээ хийжээ.

Израилын хувьд Ирантай хийж буй яриа хэлэлцээнд шууд оролцоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top