АНУ Ормузын хоолойг бүсэлж, цохилтоо сэргээхээр хэлэлцэж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ өнөөдрөөс /2026.04.13/ эхлэн Ормузын хоолойг бүсэлж, Ираны боомтууд руу чиглэж буй болон боомтуудаас гарч буй хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хориглоно гэж АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлэлд дурджээ.

Эл хориглолт нь бүх улсын хөлөг онгоцонд хамаатай аж. Энэхүү шийдвэрийг Исламабад хотноо болсон АНУ, Ираны яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Цагаан ордны тэргүүн гаргажээ. Ингэснээр Цагаан ордны тэргүүн холбоотон орнууддаа шахалт үзүүлэхийг зорьж байна гэж шинжээчид үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн Доналд Трамп зөвлөхүүдийн хамтаар Иранд бүрэн хэмжээний цохилт өгөхөө сэргээх боломжуудыг хэлэлцэж байна гэж The Wall Street Journal сонин эх сурвалж дурдан мэдээлжээ. Гэсэн хэдий ч энэхүү хувилбар нь магадлал багатай. Учир нь ингэснээр тус бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдахаас гадна АНУ-ын зэвсэгт мөргөлдөөн сунжруулна гэж тус сонины эх сурвалж онцолсон байна.

Трампын аль ч сонголт ноцтой үр дагавартай гэж шинжээчид үзэж байна. Цэргийн ажиллагааг сэргээснээр АНУ-ын зэвсгийн нөөцийг шавхахаас гадна сонгогчдын дургүйцлийг улам дэвэргэнэ. Гэтэл цэргийн ажиллагааг хумих нь Тегераныг ялсан хэмээн үзэхэд хүргэх юм.

Үүнтэй зэрэгцэн Доналд Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Иран улс яриа хэлэлцээний ширээний ард дахин сууна гэжээ. Тэрбээр “Иранчууд яриа хэлэлцээний ширээний ард дахин сууж, бидэнд бүхнээ өгнө гэж таамаглаж байна. Ираны соёл иргэншлийг устгана гэж анхааруулсны дараа Иран яриа хэлэлцээний ширээний ард суусан” гэж Трамп онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top