Бэлчээрийн доройтол, хээрийн түймэрт өртсөн газрын мониторингийг сайжруулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Монголын гео мэдээллийн холбоо (ГМХ) болон АНУ-ын Висконсин-Мадисон Их Сургуулийн Байгаль хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори (SILVIS Lab)-тай талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилгоор харилцан ойлголцлын гурван талт санамж бичгийг 2024 онд байгуулан хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд газрын харилцааны салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой цуврал цахим сургалтууд (вебинар) зохион байгуулах болон бэлчээрийн газрын доройтол, өөрчлөлтийг хянах мониторингийн өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цаашдын хэрэглээг тодорхойлох зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан судалгааны баг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (NASA)-ийн “A.60 Earth Action: Ecological Conservation” хөтөлбөрт “Монгол орны бэлчээрийн доройтол, хээрийн түймрийн тархалтыг хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан хяналт хийх, бүх шатны шийдвэр гаргагч нарт дэмжлэг үзүүлэх” олон улсын судалгааны төслийн санал боловсруулан 2025 онд хүргүүлсэн бөгөөд уг төслийн санал нь нийт 115 төслөөс эхний 15-т шалгарч, “Excellent/Very Good” буюу хэрэгжих боломж өндөр, шинжлэх ухааны үндэслэл сайтай, бодит үр дүн гаргах чадавхтай хэмээн төсөл хэрэгжиж эхлэхээр сонгогдоод байна.

Төслийн хүрэх үр дүнд “Landsat” болон “Sentinel-2” хиймэл дагуулын мэдээг ашиглан бэлчээрийн доройтлыг зураглах, түймэрт өртсөн талбайг тодорхойлох, ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг үнэлэх бөгөөд бэлчээрийн нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөх, өвөлжөө, хаваржааны байршлыг оновчтой тогтоох, хадланд тохиромжтой байршил, ашиглалтыг тогтоох, даац хэт ихээр хэтэрсэн, эрсдэлтэй бэлчээрийн газрын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top