Монгол Улсын нийт бэлчээрийн 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Монгол Улсын нийт газар нутгийн 73.8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 96.1 хувийг мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар эзэлдэг байна. Гэвч манай улсын малын тоо толгой 66.5 саяд хүрч, үүнийг хонин толгойд шилжүүлвэл 110 сая орчим болсон нь бэлчээрийн даац 25.1 сая толгойгоор хэтэрсэн үзүүлэлт болох бөгөөд бэлчээрийн даац хэтэрснээр ургамлын төрөл зүйл цөөрч, бэлчээр доройтож, цөлжиж, гол ус, нуур шандын усны түвшин буурч байгаа нь нийтлэг бэрхшээл үүсч байгааг Төрийн ордонд болсон “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн үеэр малчид хэлж байлаа.

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг УИХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймаг, 331 cумын малчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын удирдлагууд болон малчид бэлчээрийн нөөц чадавхид хэт ачаалал үүссэнээр биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн эко системийн төлөв байдал доройтож, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх, малын тэжээлийн үндсэн нөөц болсон бэлчээр хумигдан, дөрвөн улирлаар нүүж сэлгэх нутаг багасч, хөрсний доройтол бий болж, малчдын дунд бэлчээр, нутгийн маргаан гарах болсон зэрэг олон сөрөг нөлөөлөл, үр дагавар бий болсныг хэлж байв. Учир нь манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай бөгөөд бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57 хувь нь доройтолд ороод байгаагаас 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртжээ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого гээд мал аж ахуйн талаар маш олон баримт бичиг гаргасан. Хамгийн сүүлд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн үр дүнд мал аж ахуйн салбарын асуудал цэгцэрч байгаа ч газар, бэлчээрээ хамгаалах зохицуулалт сул байна. Бэлчээрийн асуудал шинэ асуудал биш ээ. Намайг 2002 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байхад бэлчээрийн газрын нөхцөл байдал, газрын харилцаа, мал аж ахуйн тулгамдсан асуудлаар судалгааны ажил хийлгэж байсан. Бэлчээрийн даац, ургамлын төрөл зүйл тэр үеэс эрс цөөрсөн. Өнөөдрийн нарийвчилсан судалгаануудаас үзэхэд бэлчээрээ онцгой анхаарахгүй бол болохоо больжээ. Малчид, сумын удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад бэлчээрийг төлбөртэй болгоё, төлбөрийг хонин толгойд шилжүүлж авъя, тэр мөнгийг сумын хөгжлийн санд төвлөрүүлж малчид худаг ус гаргах, бэлчээрээ сэргээх, хаших зэрэг ажилд өөрсдөө мэдэж зарцуулъя гэдэг. Ингэж чадвал малын тоо толгой ч бүрэн зөв гарна. Орон нутагтаа бэлчээрийн төлбөр хураамж, сантай болох санаачилгыг дэмжиж байж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж олдоно. Гэхдээ бэлчээрийн хураамж байх уу, тогтоолоо гэхэд ямар хувь хэмжээтэй байх вэ гэдэг нь сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал байх юм. Ийм зохицуулалтыг Бэлчээрийн тухай хууль, Татварын хуульд тусгах бололцоотой” хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Мөн НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа “Бэлчээрийн даац хэтрэн, амьжиргааны баталгаат байдал алдагдан, урт хугацаандаа хүнсний баталгаат байдал тогтворгүй болж, монголчуудын бахархан дээдэлдэг өв соёл, уламжлал, амьдралын хэв маягт нөлөөлөх аюул ойрхон байна. Иймд газар, үржил шимт хөрс, ус, биологийн олон төрөл зүйл зэрэг байгалийн үнэт нөөцөө зүй зохистой ашиглахад шаардагдах хууль эрх зүйн орчныг сайжруулах төдийгүй энэ шинэ нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. 2012 онд ХХААБ-ын Ром дахь төвийн Дэлхийн хүнсний баталгаат байдлын хорооноос Засгийн газрын хэмжээнд дэлхий нийтээр мөрдөх иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг хамгаалахад чиглэсэн “Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх сайн дурын зөвлөмж”-ийг батлан гаргасан. Уг зөвлөмжийг Сьерра-Леон, Либери, Монгол зэрэг улсууд анхлан хэрэгжүүлж байгаа тул бэлчээрийн асуудал удахгүй цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин Швейцарын хамтын ажиллагааны газрын захирал хатагтай Габриелла Спирли “Манай байгууллага Монгол Улсад 15 жилийн турш хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, дэмжлэг үзүүлж ирсэн. Бэлчээрийн зүй зохистой менежмент үргэлжид манай хөгжлийн хөтөлбөрийн гол хэсэг байсаар ирсэн. 200 гаруй мянган малчин өрх, Монголын хөдөөгийн хүн амын 70 гаруй хувийн амьжиргаа бэлчээрийн мал аж ахуй дээр суурилж байгаа учир бэлчээр нутгийн талхагдал доройтол тэлж байгаа нь олон хүмүүсийн амьжиргааг эрсдэлд оруулах аюул нүүрлээд байна. Тиймээс бэлчээрийн тусгайлсан хуулийг батлан гаргаж хэрэгжүүлэн жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа бэлчээрийн талхагдлыг хязгаарлах, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай байна” гэлээ. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд 12 жилийн хугацаанд 126 сум, 76 мянган малчин өрх, 1450 малчны бэлчээр ашиглалтын хэсгүүдийн зохион байгуулалтад оруулж, 140 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 18 аймагт Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог байгуулагдан ажиллаж байгаа аж.

Мөн үндэсний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг “Мал аж ахуйн талаар төрөөс байнга анхаарах шаардлагатай. Монгол төрийн бодлого өмнө нь малын тоо толгойг нэмэгдүүлэхэд чиглэж байсан бол өнөөдөр чанарт анхаарч, үүлдэр угсааг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 1990-ээд оноос эхлэн Монгол Улс бэлчээрийн хуультай болох гэж оролдсон боловч сонгууль дөхөөд ирэхээр айгаад баталж чаддаггүй байсан. Харин одоо Бэлчээрийн тухай хуулийг Засгийн газраас өргөн бариад, УИХ хэлэлцээд батлахад бэлэн болсон. Малчдын зүгээс хуультай болохыг шаардаж байгаа” гэдгийг онцолсон бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Малчид малаасаа дутуугүй бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалахад анхаарал тавьж ирсэн бөгөөд бэлчээрийн тухай хууль батлахыг дэмждэг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг зохицуулсан хуульгүй байгаа нь төрийн бодлого боловсруулдаг байгууллага, улстөрчдийн буруу хандлагаас үүдэлтэй. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийг батлуулахын төлөө хичээж ажиллах болно” гэсэн юм.

Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”-ын талаарх илтгэлдээ “Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаас өөрчлөгдөж харилцан адилгүй хэмжээгээр доройтсоныг дурдаад ялангуяа байгалийн аясаар сэргэх боломжоор муу, ургамалжилт төдийгүй хөрсний элэгдэл эвдрэл хавсарч доройтсон талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна. Гэвч өөрчлөгдөж доройтсон бэлчээрийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь бэлчээр ашиглалтын горим ачааллыг тохируулсан нөхцөлд 1-3, 3-5, 5-10 хүртэл жилийн дотор сэргэх боломжтой. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлчээр ашиглах алтан дүрэм болох даацыг үл хэтрүүлэх, тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамалд нөхөн төлжих боломж, хугацааг олгох шаардлагатай” хэмээн хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулж байсан юм.

ХХААХҮЯ-наас хийсэн судалгаагаар малчдын 77.9 хувь нь “Бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай” гэж үзсэн байна. Иймд ХХААХҮЯ-ны Бодлого зохицуулалтын мэргэжилтэн М.Энх-Амар хэлэлцүүлгийн үеэр Бэлчээрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт бэлчээр, хадлангийн талбай 112.1 сая га газар байгаагийн 1.5 хувь нь хадлангийн, 96.1 хувь нь буюу 110.4 сая га газар нь бэлчээрийн газар. Гэвч өнөөдрийг хүртэл бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтгүй явж ирлээ. Хуулийн төсөл нь бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой. Түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлаар идээшлэсэн малаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ” хэмээн тайлбарлалаа.

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэгт оролцогч малчид, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Төлөөлөгчдийн зүгээс бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаарсан журам боловсруулах, малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлж, хадлан бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг оновчтой тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт хийх шаардлагатай гэсан саналуудыг илүүтэй хэлж байлаа.

* * *

БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ОРОЙТОЖ ОРЖ ИРЖ БАЙНА

-Увс аймгийн Зүүнхангай сумын малчин Я.АЛТАНБААТАР: Манай нутагт бэлчээрийн даац өндөр байгаа. Мал өссөнөөс гадна оготно зэрэг мэрэгч амьтад олширсон. Би 500-аад толгой малтай. Нэгэнт бэлчээр хүрэлцээгүй байгаа учраас малын тоонд бус чанарт анхаарч холоос сайн үүлдрийн хуц, ухна авчирч тавьдаг. Ингэснээр нэгж малаас авах ашиг шим нэмэгдэнэ. Малын Бэлчээрийн тухай хууль батлагдах гэж байгаа юм байна. Энэ хуулиар малчдад бэлчээрийг эзэмшүүлэхээр зааж өгч байгаа нь таалагдлаа. Бэлчээр ашигласны төлбөр авахаар яригдаж байгаа юм байна. Энэ төлбөрийг эргээд орон нутаг, бэлчээрт зарцуулах бол татгалзах зүйлгүй. Бэлчээрийн тухай хууль оройтож орж ирж байна гэж үздэг.

* * *

ХУУЛЬ БАТЛАГДСАНААР БИЗНЕСИЙН ХАДЛАНГ ХЯЗГААРЛАНА

-Төв аймгийн Сүмбэр сумын малчин Г.ХӨХЧУЛУУ: Би сумандаа малчдын бэлчээр ашиглагчдын бүлгийн ахлагчаар ажилладаг. Манай бүлэгт 10 өрхийн 2000 гаруй толгой мал багтдаг. Бид бэлчээрийн гэрээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа. Ингэснээр бэлчээрээ өөрсдөө хариуцаж, хамтдаа хамгаалж, бэлчээрийн ашиглалтыг өөрсдөө зохицуулах боломжтой болно. Манай нутагт ногоо цагаа гараад сайхан болж байна. Мал ногоонд цадахтайгаа боллоо. Гэхдээ малын тоо толгой зургаа дахин ихсээд байна. Мөн газар тариалангийн бүс нутагт багтсан болохоор хязгаарлагдмал орчинд малаа бэлчээж байна.  Мал өсгөнө гэдэг хэцүү боллоо. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарна гэж бодож байна. Бэлчээрийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн олборлолт хийх компаниудтай тохиролцох, бизнесийн хадланг хязгаарлах зэрэг асуудлыг шийдэх боломжтой болно гэж бодож байна.

* * *

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ УЛАМЖЛАЛ АЛДАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчин С.АЛТАНТУЯА: Манай нутагт хаваржилт боломжийн байгаа. Уг нь өнгөрсөн жил их сайхан ургасан. Гэтэл зэргэлдээ сумдаас малчид нүүгээд ороод ирсэн. Адилхан таван малаар амьдардаг улс нэгнийгээ хөөх хэцүү. Дулаарахаар тал тал тийшээ нүүх байх гээд харж сууна. Манайх 800-аад малтай. Малаа зөөж буугаад л бэлчээж байна. Малаа хэсэгчлээд хонь, ямаа, сувай, адуу гээд ялгаж бэлчээж байна. Өнөөдөр үүсээд байгаа бэлчээрийн доройтлыг би уламжлалт мал аж ахуй алдагдсантай холбоотой гэж үздэг. Хууччуул нэг нутагт олон хоног суудаггүй байсан. Харин одооны малчид байгаа газраа хүний нүүр шиг болтол нь мөлжөөд суугаад байдаг. Ойрхон нүүгээд байхаар бэлчээр сэргэх сайн талтай. Дээр үеэсээ адууг анхны цаснаас эхлээд оторт явуулдаг бичигдээгүй хууль байлаа. Малын хээл хүндрээгүй байхад холын бэлчээрээ ашиглах, тэнгэрийн муухайд нөмөр газрынхаа бэлчээрийг ашиглах гээд хуваарьтайгаар бэлчээрийг ашигладаг сайхан уламжлал байсан.

* * *

БЭЛЧЭЭР СЭЛГЭХ ЗАМААР ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖТОЙ

-Булган аймгийн Хутаг өндөр сумын малчин Б.МӨНХ-ЭРДЭНЭ: Би 900 гаруй толгой мал малладаг. Манай суманд бэлчээрийн даац хэтрэх тал руугаа орж байгаа. Би ойр ойрхон нүүж бэлчээрээ сэлгэж байгаа. Манай нутагт зарим нутгаа нэг жил өнжөөж цөлжилтөөс сэргийлэх ажил хийдэг байсан. Гэхдээ сүүлийн үед мал ихсээд энэ ажил тасалдаад байна. Өөрийн зүгээс өвөлжөөгөө хашаалж бэлчээрийг нь хадгалах байдлаар орон нутагтайгаа ойлголцоод явж байна. Малын тоо толгой ихсэж байгаа ч бэлчээр сэлгэх замаар бэлчээрийн сэргэлтийг зохицуулах боломж байдаг. Малчин бид өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээтэй ч хадлан бэлтгэх, отор хийх бэлчээртээ төлбөр төлөхийг би зөвшөөрч байгаа. Тэр төлбөрийг улс цуглуулаад буцаагаад бэлчээрийг сайжруулахад зарцуулна гэдэг нь сайхан санагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Porno69(202.126.89.49) 2024 оны 03 сарын 04

I love porno I”m U.Uchral and you are always my nigga

0  |  0
Top