Иранд пуужингийн нөөцийн 70 хувь хэвээр байна

Я.Болор | Zindaa.mn
58 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ираны цэргийн хүчин чадлыг устгасан гэж мэдэгдэж байгаа хэдий ч Тегеран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлдсэнээс гадна Ормузын хоолойн бүс дэх пуужин харвах ихэнх талбайгаа сэргээгээд байна гэж “New York Times” сонин Америкийн тагнуулын албаны мэдээг дурдан мэдээлжээ.

Түүнчлэн, Иран улс Ормузын хоолой дагуух нийт 33 пуужингийн объектуудынхаа 30-ийнх нь үйл ажиллагааг шуурхай сэргээгээд байгаа нь Америкийн цэргийн хөлөг онгоцнуудад ихээхэн аюул учруулж байна.

Иран нь газар доор агуулах, пуужин харвах системийнхээ 90 хувийг хяналтдаа авсныг хиймэл дагуулуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын тагнуулын албад мэдээлсэн байна. Трамп болон түүний цэргийн зөвлөхүүд Ираны пуужингийн объектуудад учруулсан хохирлын хэмжээг хэтрүүлэн үнэлж, Ираны батлан хамгаалах, хүчин чадлаа шуурхай нөхөн сэргээх чадварыг дутуу үнэлсэн гэж тагнуулын албад үзэж байна.

Ираны эсрэг явуулж буй ажиллагааны үеэр АНУ нь далавчит пуужингийн нөөцөө шавхаж, “Patriot” системийн пуужингийн хоёр жилийн үйлдвэрлэлийн хэмжээг зарцуулаад байна гэж тус сонин онцолсон байна.

Ираны эрх баригчид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх таван нөхцөл тавьсан тухай “Fars” агентлаг дамжуулжээ. Ираны тал бүх фронтод, тэр дундаа Ливанд дайныг зогсоох, Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах, царцаасан Ираны активыг чөлөөлөх, дайны дараах нөхөн төлбөр олгох, Ормузын хоолойд Ираны тусгаар байдлын эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг болзлыг тавьсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top