Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг албан ёсоор нээж олон нийтэд (2026.06.25 ) дэлгэлээ.
Чингис хаан Үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд, энэхүү үзэсгэлэн нь Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй бас нэгэн томоохон үйл явдал болж байна.
Үзэсгэлэнг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон дэлгэн харуулахын зэрэгцээ, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог” гэдгийг тодотгон хэлсэн юм.
Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Ийнхүү Чингис хаан Үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болсон үйл явдал боллоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал, Академич С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаны төлөөлөл оролцов.
Уг үзэсгэлэн нь ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэлгэгдэж, европын үзэгчдийн хүртээл болно.
Дашрамд сонирхуулахад Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна.

Сэтгэгдэл ( 0 )