Германы Шпаркассэ банкны төлөөлөгчидтэй орон сууцжуулалтын тогтолцооны талаар санал солилцлоо

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Германы Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх захирал Никлаус Бэргманн тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсад орон сууцжуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, Баушпаркассе (Bausparkasse) хуримтлалд суурилсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нутагшуулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Э.Бат-Амгалан орон сууцжуулалтын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо болон орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хоёр хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр товлож байгааг дурдан тус хууль нь зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцлов. Мөн төрийн бодлого нь хувийн хэвшилтэй өрсөлдөх бус, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг тэмдэглэлээ.

Германы Шпаркассэ банкны төлөөлөгчид Монгол Улсад Баушпаркассе тогтолцоог нэвтрүүлэхдээ Германы туршлагыг Монголын хууль эрх зүй, санхүүгийн тогтолцоонд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ нь дунд болон дундаас доош орлоготой иргэдийн орон сууцны санхүүжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд Германы төрөөс орон сууцжуулалтын бодлого, газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоонд хэрхэн оролцдог туршлагыг судлах асуудлаар санал солилцов.

Уулзалт нь Монгол Улсад иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, хуримтлалд суурилсан тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, Германы олон жилийн туршлагыг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top