ТАНИЛЦ | Томоохон их, дээд сургуулийн төлбөр

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Томоохон их дээд, сургуулиудийн 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдсэн дүн гарчээ. МУБИС, МУИС, ШУТИС зэрэг томоохон сургуулийн сургалтын төлбөр 3.7-6.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Та бүхэнд улсын томоохон их сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

МУБИС-ийн шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөр суралцаж буй хөтөлбөр, сонгосон багц цаг, салбар сургуулиас хамаарч дунджаар 3.7-4.2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Архангай болон Баян-Өлгий дэх салбар сургуулийн төлбөр арай бага буюу 3.4-3.6 сая төгрөг байгаа аж. Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 8-12% орчмоор нэмэгджээ.

Соёл Урлагийн Их Сургууль

СУИС-ийн тухайд 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр суралцаж буй мэргэжилт, салбар сургууль, сонгон судлах цагаасаа хамаарч 4.5-5.2 сая төгрөг байна. Нэг багц цагийн үнэлгээ 165-175 мянган төгрөг гэсэн үг. Бусад сургуулиудтай харьцуулахад СУИС нь хамгийн өндөр дүнгээр төлбөрөө нэмжээ. Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 1.1-1.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

ХААИС-ийн тухайд 2026-2027 хичээлийн жилийн сургалтын төлбөр нь сонгосон мэргэжил, салбар сургууль болон тухайн жилд сонгон судлах багц цагаас хамаарч дунджаар 4.7-5.2 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл нэг багц цаг нь 156-169 мянган төгрөг байгаа юм. Өмнөх жилтэй харьцуулахад 10-12% орчмоор нэмэгдсэн.

Монгол Улсын Их Сургууль

Нэгдүгээр дамжааны оюутны ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 203.7 мянган төгрөг, мэргэжлийн суурь хичээлийн багц цагийн төлбөр 204.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өмнөх жилийн төлбөртэй харьцуулахад 26 мянгаар нэг багц цагийн төлбөр нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр нэгдүгээр дамжааны оюутан нийт 30 цаг багц цагийн хичээл үзэхэд төлбөр нь 6,111,000 төгрөг болж байна.

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Шинээр элссэн оюутнуудын ерөнхий суурь, мэргэжлийн хичээлйн нэг багц цагийн төлбөр 209,000 төгрөг болж өмнөх жилийнхээс 19 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мэргэжлийн чиглэл бүрээр тухайлбал архитектур, барилгын инженерчлэл, программ хангамжийн инженерчлэл, хиймэл оюун, интерьер дизайн зэрэг тэргүүлэх, эрэлт ихтэй зарим мэргэжилд шинээр суралцаж байгаа оюутнуудын багц цагийн төлбөр 218.5 мянган төгрөг байгаа аж.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Элсэн суралцаж буй мэргэжлийн чиглэлээс хамаар АШУҮИС-д шинээр элсэгчдийн нэг жилийн сургалтын төлбөр 3.5-6.8 сая төгрөгт хэлбэлзэж байна. Өмнөх жилийн тухайд шинээр элсэгчдийн оюутны сургалтын төлбөр 3.2-5.4 сая төгрөгт хэлбэлзэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top