Европын, ялангуяа Их Британийн дээд боловсролын тогтолцоо, оюутны дэмжлэгийн талаар “Euronews Business” сонирхолтой материал бэлджээ.
Боловсролын түвшин төгсөгчдийн цалинд хэрхэн нөлөөлдөг вэ? Дээд боловсрол өртөг өндөртэй. Өрийн дарамт их сургуулийн боловсролд хөрөнгө оруулах эсэх шийдвэрт нөлөөлдөг томоохон хүчин зүйл. Тухайлбал, Их Британид дөрвөн оюутан тутмын нэг нь их сургуульд сурахын тулд тэр их хэмжээний зардал гаргах шаардлагагүй байсан гэж үздэг болохыг “Ipsos” компанийн 2023 оны тавдугаар сард явуулсан судалгаа харуулжээ. Ийм санал бодол тээх болсон гол шалтгааны 49 хувь нь сургалтын төлбөр, 42 хувь нь оюутны зээлийн өртэй холбоотой.
Судалгаанд оролцогчдын 37 хувь сайн ажилд орохын тулд заавал их сургуульд орох шаардлагагүй гэж үзсэн бол Их Британийн гурван миллениал тутмын нэг нь их сургуульд сурахын тулд өрөнд орсондоо харамсдаг байна.
Их сургуульд өр тавин байж сурах шаардлагатай юу гэсэн асуултад хялбар хариулт гэж үгүй. Энэ бол олон талтай төвөгтэй асуудал юм гэж “Euronews Business” онцолжээ.
Их сургуулийн сургалтын төлбөр, оюутны зээл болон санхүүгийн дэмжлэг Европын орнуудад ихээхэн ялгаатай. Мөн боловсролын түвшнээс шалтгаалан дундаж цалин, хөдөлмөр эрхлэлт ч мөн харилцан адилгүй байна.
Европын комиссын илтгэлээс үзвэл Европын долоон улсад бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр үнэгүй байдаг байна. Үүнд Дани, Грек, Кипр, Мальта, Финланд, Швед болон Турк ордог. Норвегт төрийн өмчит их дээд, сургуулиуд үнэгүй сургалттай. Харин Бельги, Люксембург, Нидерланд, Португал, Их Британи, Албани, Швейцар болон Исландад бакалаврын зэрэг олгох сургалт төлбөртэй байдаг. Бусад 23 улсад зарим оюутнууд нь сургалтын төлбөр төлдөг бол зарим нь төлдөггүй байна. Сургалтын төлбөр тухайн сургалтын хөтөлбөр, мэргэжлээс хамааран мөн өөр өөр байдаг. Ирланд, Испани, Унгар, Нидерланд, Швейцарт сургалтын төлбөр харьцангуй өндөр буюу 1001-3000 евро байдаг.
Их Британи хамгийн өндөр өртөгтэй
Европ дахь хамгийн өндөр сургалтын төлбөртэй нь Англи, Уэльс болон Умард Ирланд. Англид жилийн сургалтын төлбөр 9250 фунт буюу 10737 евро байдаг бол “Student Loans Company” компанийн судалгаагаар, 2022-2023 хичээлийн жилд оюутны зээлийн дундаж хэмжээ Англид 9446 евро, Уэльст 9653 евро, Умард Ирландад 6301 евро байжээ. 2000 онд Шотланд дотоодын оюутнуудын сургалтын төлбөрийг цуцалсан байна.
Европын бүх улс орон их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад тэтгэлэг болон зээл олгох зэрэг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг аж.
Англид улсын тэтгэлэг байдаггүй
Европын бүх улс орон бакалаврын сургалтын хөтөлбөрийн оюутнуудад улсаас дор хаяж нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Харин Англи болон Исландад улсын ийм тэтгэлэг байдаггүй. Европын улс орнуудын гуравны хоёрт нь улсаас оюутны зээл олгодог бол хэрэгцээнд суурилсан грантууд Европт ихээхэн дэлгэрсэн оюутны дэмжлэгийн хэлбэр юм.
Харин оюутнууд сургалтын төлбөрийн зээлээс илүү тэтгэлэг авах сонирхолтой байдаг. Их Британи, Скандинавын орнууд болон Нидерландад оюутны зээл авах нь түгээмэл. Англи, Уэльс, Умард Ирландын их, дээд сургуулийн оюутнуудын 94 хувь нь улсаас олгодог оюутны зээлд хамрагдсан бол Шотландад энэ үзүүлэлт 69 хувь, Норвегт 66 хувь, Шведэд 55 хувь, Нидерландад 54 хувь, Финландад 49 хувьтай байна.
Англид 50 мянган еврогийн зээлтэй төгсөнө
“Student Loans Company” судалгааны компанийн мэдээллээр, 2023 оны байдлаар англи оюутан дунджаар 54124 еврогийн зээлтэй сургуулиа төгсдөг. Харин Их Британийн бусад бүс нутагт өрийн хэмжээ харьцангуй бага. Тухайлбал, Уэльст 41 мянга гаруй евро, Умард Ирландад 28155 евро, Шотландад 17968 еврогийн зээлтэй төгсдөг аж.
Харин Норвегт дипломоо 27491 евро, Данид 14907 евро, Финландад 14807 еврогийн зээлтэй хамт гардан авдаг.
Энэ хичээлийн жилд Английн их, дээд сургуулиудад нийт 1.5 сая орчим оюутан суралцаж байна. Тэд нийт 23 тэрбум еврогийн сургалтын зээл жилд авдаг. 2022-2023 оны хичээлийн жилийн төгсгөлд Английн их, дээд сургуулиудын дотоодын болон гадаадын төгсгөгчдийн нийт өр 236.3 тэрбум еврод хүрчээ. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд энэ дүн 100 тэрбум евро байв. Шинжээчдийн тооцоолсноор, 2040 оны дунд үе гэхэд оюутнуудын сургалтын зээлийн өр 460 тэрбум фунтэд хүрнэ.
Оюутны зээлийн эргэн төлөлт
Англид 2002 оны бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн 66 хувь зээлээ бүрэн төлж байсан бол 2023 оны байдлаар 35 хувь нь зээлээ төлсөөр байна. 2021 оны төгсөгчдийн 42 хувь нь Их Британид ажил, хөдөлмөр эрхэлж байсан ч босго түвшнээс бага цалин авч байжээ. Өөрөөр хэлбэл зээлээ эргүүлэн төлөх боломжгүй байв.
Шаардлага бий юу үгүй юу?
Тэгэхээр их, дээд сургуульд суралцах шаардлага бий эсэх асуулт тавигдаж байна. Үүний хариултыг авахын тулд их, дээд сургуулийн диплом ажил эрхлэлт, цалингийн хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг судлах хэрэгтэй.
2022 оны байдлаар, Европын Холбоонд их, дээд сургууль төгсөгчдийн 86.7 хувь нь ажилд орсон байсан бол ахлах сургууль, коллежийн төгсөгчдийн хувьд энэ үзүүлэлт 74.2 хувьтай байна.
Их, дээд сургууль, дунд сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 12.5 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл дээд боловсрол ажил олох боломжийг нэмэгдүүлдэг байна.
Европын есөн улсад энэ зөрүү 20 хувиас дээд байсан бол Исландад 0.8 хувь, Румынд 31.2, Франц болон Испанид 18 хувь байна. Их Британид эл зөрүү 8.7 хувьтай гарчээ. Харин Чех, Норвег, Нидерланд, Португал, Герман зэрэг улсад эл зөрүү зургаан хувиас доош байна.
Цалинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Их, дээд сургууль төгсөгчид илүү цалинтай ажилд ордог болох нь судалгаагаар тогтоогджээ. Гэхдээ энэ үзүүлэлт ихээхэн зөрүүтэй байна.
2022 оны байдлаар, их, дээд сургууль төгсөгчдийн цэвэр орлого дунджаар 26304 евро байсан бол дунд боловсролтой хүмүүсийн цэвэр орлого 18876 евро байв. Европын Холбооны хэмжээнд их, дээд сургуулийн дипломтой ажилтнууд дунд боловсролтой ажилчдаас 39 хувиар өндөр цалин авдаг байна.
Норвег, Дани, Швед зэрэг Скандинавын орнуудад энэ зөрүү хамгийн бага хувьтай гарсан нь бусад улс орнуудтай харьцуулахад, боловсролын түвшин орлогын хэмжээнд тийм ч их нөлөө үзүүлдэггүй болохыг харуулжээ. Финландад гэхэд энэ харьцаа дөнгөж 1.28 пункт байна. Гэхдээ дээд боловсрол, бага боловсролын харьцаа их буюу 1.7 хувьтай байна. Скандинавын орнууд болон Нидерландад энэхүү харьцаа тийм ч их биш. Дани, Норвегт энэ үзүүлэлт 1.27, Нидерландад 1.33, Финландад 1.39, Их Британид 1.58 пункт байна.
Сэтгэгдэл ( 0 )