"Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 5000 гаруй оюутан цэргийг нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгээд байна.
Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудаас гадна Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид суралцагчдыг оролцуулахаар төлөвлөөд байна. Энэ талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “Тус хөтөлбөрт бүртгүүлсэн оюутан ирэх сарын 21-22-нд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах юм. Эрүүл мэндийн үзлэгийг суурь шалгуур болгоно. Дараа нь 23-24-нд бие бялдрын шалгуур авах бөгөөд тэнцсэн залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 2 кредит, 96 цагийн онолын бэлтгэл сургалтад хамруулна. Үүнд Батлан хамгаалах бодлогын үндэс, ерөнхий тактик, галын болон тусгай бэлтгэл гэсэн хичээл заах юм. Сургалтын төгсгөлд хичээл тус бүрээр шүүлэг авч, 60-аас дээш оноо авсан оюутан дараагийн шат буюу цэргийн мэргэжлийн сургуульд хамрагдах болзол хангана” гэлээ.
Дээрх онолын бэлтгэл сургалтыг оюутны хичээлд саад бололгүйгээр, зөвхөн бямба, ням гарагийн 09-14 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ. Оюутан цэргийн бэлтгэл сургалтыг давж болзол хангасан оюутнууд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн хээрийн сургалтад хамрагдах юм. Энэ жил ҮБХИС, Дорноговь, Эрдэнэт, Ховд, Зүүнбаян дахь цэргийн ангийн хээрийн сургалтын төвийг түшиглэн сургалт явуулах юм байна. Энэхүү хээрийн сургалтаар 14 кредит 560 цагийн хичээл үзсэнээр цэргийн мэргэжил эзэмшиж, цэргийн тангараг өргөх аж.
Оюутан цэрэг хөтөлбөрт элсэх сонирхолтой их, дээд сургуулийн бакалаврын сургалтын нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутан, политехник, МСҮТ-ийн суралцагчид өөрийн сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб дээр энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 7-ны өдөр хүртэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Иргэний үнэмлэх
-Цэргийн үүрэгтний үнэмлэх
-Оюутны үнэмлэх
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
-Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
-Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8-аас дээш байх/
-Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулиар 18-26 насны залуус эх орноо хамгаалах, цэргийн жинхэнэ албыг заавал хаах үүрэгтэй. Цэргийн насны залуус дараах дөрвөн хэлбэрээр цэргийн алба хаах боломжтой. Үүнд, Нэг жилийн хугацаат цэргийн алба хаахаас гадна цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн хаах, гэрээт цэргийн алба хаах, “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн хэлбэрүүд бий.
Сэтгэгдэл ( 0 )