Дэлхийд нэр хүндтэй Британийн их сургуулиуд ядуучуудын дүүргээс илүү олон тооны элсэгчдийг хүлээн авахаар болжээ. Ингэхдээ элсэлтийн шалгалтын дүн нь чинээлэг дүүрэг, хувийн сургуулиас элсэгчдийнхээс доогуур байсан ч үл харгалзах аж.
Их Британийн Боловсролын яамны дэргэдэх Оюутны асуудал эрхэлсэн хараат бус зохицуулах газрын /”Office for Students”/ шинэ зөвлөмжийг Оксфорд, Кембриж зэрэг Их Британийн шилдэг их сургуулиуд нэвтрүүлэхээр болжээ. Оксфорд, Кембрижийн их сургуулиуд ирэх таван жилд бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнуудын тоог долоо хүртэл хувиар нэмэгдүүлэх үүрэг аваад байна.
“Оксфордын их сургуулиас татгалзсан хариу аваад цөхөрч, сэтгэл гутралд орж байсан” гэж Кейт ярьж байна. Сургуулийн шилдэг сурагчдын нэг, бүхий л олимпиад, тэмцээнүүдийн ялагч байсан түүнийг дуртай их сургуульдаа орно гэдэгт хүн бүр итгэж байсан ч татгалзсан хариу авсан тэрбээр жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзжээ. Оксфорд болон Кембрижийн их сургуулиуд Кейт шиг хувийн сургууль төгсөж, элсэлтийн шалгалтын өндөр оноо авсан элсэгчдээс доогуур оноо авсан ядуу дүүрэг, улсын сургууль төгссөн тодорхой тооны элсэгчдийг бакалаврын хөтөлбөртөө хүлээн авч эхэлжээ. Оксфордын их сургуульд ийм оюутнууд 3.7 хувийг эзэлдэг бол Кембрижийн их сургуульд 4.8 хувийг эзэлдэг байна. Кейт болон түүний эцэг эх “хиймлээр бий болгосон шалгуурын” улмаас мөрөөдлийн их сургуульдаа орж чадаагүй гэж үзэж байна.
Ядуу дүүргийн хүүхэд илүү чинээлэг айлын хүүхэдтэй ижил түвшинд үнэлэгдэх ёстой. Хүүхдүүд ямар гэр бүлд төрөхөө өөрсдөө сонгодоггүй. Гэхдээ нэр хүндтэй их сургуульд орох цорын ганц шалгуур нь сургалтын амжилт байх ёстой гэж Кейтийн ээж ярьжээ. Шилдэг их сургуулиудын сургалт хүнд, эрчимжсэн хөтөлбөрөөр явдаг тул оюутан бүр амжилттай, сайн суралцаж чаддаггүй. Тиймээс л элсэгчдийг хатуу шалгуураар авах шаардлага байдаг гэж тэрбээр учирлажээ.
Тэгш бус байдалтай тэмцэх нь
Энэхүү шинэ квотын зорилго нь манай нийгмийн үндэс суурьт бий болсон тэгш бус байдалтай тэмцэхэд оршиж байна гэж Оюутны асуудал эрхэлсэн газрын ажилтан Крис Милворд тайлбарлажээ. Тус газар зөвлөмж өгөхөөс гадна тодорхой квотыг хэрэгжүүлээгүй их сургуулиудын эсрэг хориг тавих хүртэл арга хэмжээ авах эрхтэй аж. Их Британийн “Sutton Trust” нийгмийн өөрчлөлтийн төлөө тэмцдэг сангийн судалгаанаас үзвэл, Оксфорд, Кембрижийн их сургуулийн оюутнуудын 42 хувийг хувийн сургууль төгсөгчид эзэлдэг байна. Түүнчлэн, нэр хүнд бүхий их сургуульд чинээлэг гэр бүлд өссөн оюутнууд хэд дахин илүү байдгийг судалгаа харуулжээ.
Их сургуулиуд ядуу дүүргээс илүү элсэгчид авахыг хүсэж байгаа бол шаардлага хангасан элсэгч бүрд боломж олгох үүднээс элсэгчдийн орон тоог нэмэгдүүлэх ёстой гэж шинэ журмыг эсэргүүцэгчид үзэж байна. “Ширээний ард олон хүн суулгахыг хүсэж байгаа бол ширээнийхээ тоог нэмэгдүүл” гэж Хувийн сургуулийн захирлуудын холбооны тэргүүн Майкл Бьюкенен ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Гэвч Оксфорд, Кембрижийн их сургуульд бусад сургуулиудыг бодвол оюутны орон тоог нэмэгдүүлэхэд тийм хялбар бус аж. Энэ нь тус хоёр хотын эрх баригчид оюутны тоонд хязгаарлалт тавьдагтай ч мөн холбоотой. Эртний хотуудад орон сууцны хангамж дутагдалтай байдаг төдийгүй оюутны байр шинээр барихад хүнд.
Мерит зарчмын төгсгөл үү?
Шинэ дүрмийг нийтэлсний дараа квотыг эсэргүүцэгчид энэхүү санаачилгыг ямар ч зорилгоор гаргасан бай илүү авьяас, чадалтай оюутнууд их сургуульд орох мерит зарчмыг эцсийн дүнд үгүй хийж байна гэж ярих болсон гэж Майк Бьюкенен өгүүлжээ. Мерит зарчим гэх ойлголтыг тодорхойлоход хүндрэлтэй гэж Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор, “Ангийн урсгал” номын зохиогчдын нэг Сэм Фридман онцолсон байна. Түүний хэлснээр, ажилчин ангиас гаралтай оюутнууд нэр хүндтэй их сургуульд орсноор чинээлэг гэр бүлээс гаралтай оюутнуудаас илүү амжилтад хүрдгийг Британийн нэр хүндтэй мэргэжлийн талаар явуулсан судалгаа харуулсан байна.
Профессор Фридман шинээр нэвтрүүлж буй квотын системийг дэмжиж байгаа ч өөр олон хүчин зүйлс буйг онцолж байна. Их сургуулиа төгссөний дараа ч чинээлэг гэр бүлээс гаралтай оюутнууд давуу талаа хадгалж үлдэг. “Амжилтын гол баталгаа нь ээж, аавын банканд байгаад гол учир нь оршиж байна” гэж Сэм Фридман үзэж байна. Учир нь санхүүгийн боломжтой гэр бүл сайн сургуулийн төлбөрийг төлөөд барахгүй шинэхэн төгсөгчид амьдралын өртөг өндөр Лондон хот руу шилжихэд нь туслах боломжтой байдаг. Эцэг, эхийн санхүүгийн боломж залуу боловсон хүчинд түр ажилд орох, ажлын байраа солих зэрэг карьертаа эрсдэл гаргаж, илүү өндөр албан тушаалд хүрэх боломж олгодог аж.
Сэм Фридманы ярьж буйгаар, Британи дахь нөхцөл байдал Франц, АНУ-тай төстэй ч Скандинавын улс орнуудаас ялгаатай. Эдгээр оронд улс өндөр чанартай үнэ төлбөргүй боловсрол олгосноор тэгш боломжийг бий болгодог. Мэдээж хэрэг, квот тогтоох нь боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчлөхөөс хялбар гэж Фридман онцолжээ.
Дипломоос илүү өөртөө итгэлтэй байх нь чухал
Оксфордын их сургуулиас татгалзсан хариу авсан Кейтийн эцэг, эх ямар ч тохиолдолд охиноо хувийн сургуульд өгсөн нь зөв шийдвэр байсан гэдэгт итгэлтэй байна. Ихэнх эцэг эх сүүлийн хоёр жил хүүхдүүдээ улсын сургуульд сургах нь хожим нь нэр хүндтэй их сургуульд орох боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэх болсон ч хувийн сургуулиуд эрсдэлтэй тулгарч буй талаар ярих эрт аж. Дундаж давхарга хувийн сургуульд хүүхдүүдээ өгөх сонирхол буурна гэж Кейтийн ээж бодохгүй байна. Оксфорд, Кембрижийн их сургуулийн диплом ажилд ороход амжилтын баталгаа болохгүй. Харин хувийн сургууль төгсөгчдийн өргөн мэдлэг, өөртөө итгэлтэй байдал нь амжилт олох чухал үзүүлэлт гэж тэрбээр үзэж байна. Хамгийн гол нь Оксфорд, Кембрижийн их сургуулиас татгалзсан хариу авах нь амьдрал нь нурж байна гэсэн үг биш гэдгийг хүүхдэд эртнээс ойлгуулах хэрэгтэй. Сонгосон мэргэжилдээ амжилт гаргах олон сайхан сонголт бий гэдгийг хүүхдэд ойлгуулах нь чухал юм.
Сэтгэгдэл ( 1 )
Бүх хүнд боломж байнаа