Монголын оюутны усны холбоо албан ёсоор байгуулагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуучууд чуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн Оюутны усны холбоо (ОУХ) албан ёсоор байгуулагдлаа.

Оюутны усны холбооны анхдугаар хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын усны бодлогын зөвлөх

Г.Мөнх-Эрдэм, БОУАӨСайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан И.Батцэцэг, Монголын Усны академийн Ерөнхийлөгч доктор, профессор С.Чулуунхуяг,

МОХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Өнөболд, БОУАӨЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн усны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин , ХААИС-ийн доктор, дэд профессор Х.Мөнхтуяа нар оролцож, дэмжин үг хэллээ.

Тус холбоо нь усны нөөц, усны менежмент, усны чанар, хүртээмж, зүй зохистой ашиглах, хэмнэхтэй холбоотой асуудлуудаар оюутан, залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, усыг хамгаалах, зөв ашиглах, үнэ цэнийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчилах оролцоог нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, төсөл хэрэгжүүлэх зорилготой ажиллах юм.

Холбоог үүсгэн байгуулах анхдугаар хуралдааныг 2025 оны 2-р дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, усны асуудлаар оютнуудын оролцоо,бүтээмж, мэргэжил сонголт, ажлын байр зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцов. Оюутнуудын дунд усны нөөц, усны менежмэнт, экологи, уул уурхайн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн усны хэрэглээ зэрэг сэдвээр сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, олон нийтэд эерэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Холбооны гишүүд нь усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр суралцдаг сайн дураар эвлэлдэн нэгдсэн оюутнууд байх бөгөөд холбоо нь гишүүдээ олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах, хичээлийн бус цагаар мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, олон улсын дэвшилтэд техник технологийг судлах, мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байраар зуучлах, гадаадад суралцах нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Оюутны усны холбооны үйл ажиллагаа нь усны нөөцийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангах, байгаль орчноо хамгаалах, ирээдүйд илүү сайн амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Анхдугаар хуралдаанаар 100 хувийн саналаар холбооны анхны тэргүүнээр ШУТИС-ийн САН 4 дүгээр курсын оюутан А.Дархан-Эрдэнэ сонгогдлоо. Хяналтын зөвлөлийн гишүүдээр ХААИС-ийн оюутан С.Өсөхбаяр, ШУТИС-ийн оюутан М.Анунгоо, МУИС-ийн оюутан Б.Аминаа нар сонгогдлоо.

Оюутны усны холбоо нь бусад мэргэжлийн болон оюутны холбоодтой хамтран ажиллаж, усны менежментийн чиглэлээр олон төрлийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu