Дани улс Гренланд руу хугацаат цэргийн алба хаагчдыг илгээж эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
29 минутын өмнө

АНУ-ын илт өдөөн хатгасан мэдэгдэл, Гренландын арлын газар нутгийн бүрэн бүтэн байдал руу халдаж байгаа үйлдэлтэй холбоотойгоор Дани улс Гренланд руу хугацаат цэргийн алба хаагчдыг илгээж эхэлжээ. Гренланд руу илгээгдсэн алба хаагчид нь Данийн цэрэг татлагын эхний шатны цэргүүд аж. Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус цэргүүд нь Гренландын хамгийн хүйтэн, байгалийн бартаа ихтэй хэсэгт алба хаах бөгөөд байлдааны чадвар, тэсвэрийг нэмэгдүүлэх зорилготой байна. Түүнчлэн Данийн батлан хамгаалах үзэл баримтлалд багтсан “Arctic Endurance” хөтөлбөрт хамрагдах юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нь Арктикийн хамгаалалтыг үл тоомсорлон Гренландыг стратегийн хувьд эзэмшихээр санаархаж байгаа гэж мэдэгдсэн ч Дани, Гренландын аль, аль нь үүнийг эрс няцааж байгаа юм.

Гэсэн ч Данийн засаг захиргаа тус бүс нутагт хөрөнгө оруулалт дутмаг байдлыг хүлээн зөвшөөрсний дараа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг амласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренланд арлыг худалдаж авах тухай яриа хөөрөөг анх 2019 оны 8-р сарын 18-нд гаргаж байсан түүхтэй. Тухайн үед нь Данийн засаг захиргаа үүнийг “утгагүй зүйл” гэж дүгнэсэн юм. Улмаар Доналд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны 12 дугаар сард энэ тухай асуудлыг дахин хөндөж, 2025 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Конгрессийн танхимд үг хэлэхдээ “АНУ Гренландыг “ямар нэгэн байдлаар заавал авах” тухай дурдсан юм. Тэр жилийнхээ 12 дугаар сард нь Гренландын асуудал эрхэлсэн тусгай элчээр Луйзанагийн захирагчийг томилж “АНУ-ын аюулгүй байдалд Гренланд чухал үүрэгтэй” гэж ярилцлага өгч байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top