АНУ-ын Ерөнхийлөгч Гренландыг худалдаж авахаар судалж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Данийн вант улсын харьяанд байдаг Гренланд арлыг худалдаж авахаар судалж эхэлсэн тухай The Wall Street Journal сонин мэдээллээ. Тус арлыг худалдаж авах тухай судалгаа аль зургаан сарын өмнө эхэлсэн гэж албаны эх сурвалжууд баталж байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын хороо, Тагнуулын төв газар, Сангийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд Ерөнхийлөгчтэй уулзаж худалдан авах боломжийн талаар нэлээд урт хугацаанд зөвлөлджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Данийн вант улсыг төлөөлөн АНУ-д суугаа элчин сайд болон албаны бусад хүмүүстэй уулзаж дипломат харилцааны хэтийн төлөв байдлын тухай ярилцахдаа Гренландын тухай онцлон ярьсан ч ямар нэгэн байдлаар худалдаж авах тухай дурдаагүй байна. Гренланд арлын хойд хэсэгт АНУ-ын нисэх хүчний “Тюль” бааз байрладаг бөгөөд ойрын зайн тусгалтай пуужингаас хамгаалах систем мөн адил байрладаг юм. Түүхийн урт хугацааны туршид Дани-Норвегийн нэгдсэн вант улсын харьяанд байсан энэ газар нутаг 2009 оноос эхлэн өөртөө засах статустай болсон билээ.

Хэдийгээр Данийн вант улс Гренландын газар нутгийг өөр улсад зарах тухай яриа хөөрөө огт гаргадаггүй ч ажилгүйдлийн түвшин өндөр, аж үйлдвэрийн гарц муу, амиа хорлох үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр жагсдаг энэ газар нутгийг Европын холбоотой хамтран захирах тухай хэд, хэдэн удаа яригдаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.118) 2019 оны 08 сарын 17

Энэ газрын нэрийг Грийнланьд гэж бичдэг болохсон.

0  |  0
Top