Чи шахсан, би шахсан. Би идээгүй, чи л идсэн. Хуулийн мафи, сайдын ямба. Намын дотоодын хэрүүл нь яв, явсаар Хууль зүй, дотоод хэргийн яам дээр хүрээд эцэстээ сайдаа хольж, сольж байх шиг байна. Танил зохиол байгаа биз. Яг нэг намрын өмнө нам нь дотооддоо цохилцож чадаагүй зодоон ингэж л эхэлсэн юм. Намын даргагүй, бүр спикергүй, Ерөнхий сайдгүй ч байж үзсэн. Зодоон нь Цэцэд хүрч дэглэгдээд, “Буянт-Ухаа”-гийн тайзан дээр дарга, цэргээ тодруулсан. Ингээд ээлж дараалсан халаа сэлгээ өрнөсөн дөө. Хотын даргыг бас л бөөн асуудал “тарьж” байгаад хөөгөөд явуулсан. Араас нь Хууль зүйн сайд руу гэтээд одоо дараагийн хүнээ тавих гэж байна. Тэр хэрүүл нь ч дүүрч хууль, хүчний байгууллагыг хэрүүлдээ татан оролцуулаад, эцэстээ бухсан, бухуулсантайгаа хамт тонгороод уналаа. Төр яаж ч муудсан, эрх баригчид яаж ч толхилцсон хуулийн яам дээрээ очтолоо доош орж байгаагүй л юм даг.
Засаг гурвантаа өөрчлөгдөх бүрд ямар ч байсан Ерөнхий сайд болох субъектийг налж, наалдаад байгаагүй ч ёворч түлхээд байгаагүй ийм л дүр.
Хуулийн сайдыг хэрүүлээр тонгорч хаяад аманд гарах бөхөөр Г.Тэмүүлэнг нэрлэсэн. Ардын намын генсекийн оношоор бол олон улсын эрх зүйгээр мэргэжсэн тул Засгийн газрын хууль эрх зүйн “тасагт” бэлтгэгдэж шигшигдсэн хүн бололтой. МАН-ын ЕНБД Я.Содбаатар хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн яам бол Засгийн газрын хууль, эрх зүйн асуудлыг хариуцаж явдаг. Олон улсын том гэрээ хэлцлүүд тухайлбал, “Онтре”-тэй хийх гэрээ, “Оюутолгой”-н гэрээний шинэчлэл зэрэг олон зүйлүүд дээр энэ чиглэлээр мэргэжсэн хүн байна” гэсэн юм. Үүнээс харвал бухаа будлианаас илүүтэй хууль, эрх зүйн салбарын шинэчлэл бус олон улсын гэрээ нь л чухал юм байна. Арга ч үгүй юм. 2027 оны төсөвтөө Оюутолгойн ногдол ашгаар үйлдвэр, “завод” барина гээд амалчихсан юм чинь аргагүй. Олон гэрээ хийх ёстой. Гэтэл булаа булхайгаа дэлгэлцсэн өмнөх асуудал яах билээ. Бүр хамаагүй гэдэг асуулт гарч ирнэ. Гагцхүү түүнийг Удирдахын ах нар нь л гадарлах болтой.
Г.Тэмүүлэнгийн тухайд үе, үеийн Засгийн гззарт яригддаг ч улс төрийн дэмжлэг байдаггүй. Одоо 68-ийн бүдүүн бүлэг өөх, махаараа яг сайхан хуваагдаад 30-38 болоход алинд нь ч ороогүй. Тэр ч утгаараа Засгийн газар томилогдох бүрд чуулган дээр сахилга, хариуцлага, ил тод байдал, хууль дээдлэх зарчмын тухайд үг хэлээ хэлсээр ирсэн. Засаг гурвантаа өөрчлөгдөх бүрд ямар ч байсан Ерөнхий сайд болох субъектийг налж, наалдаад байгаагүй ч ёворч түлхээд байгаагүй ийм л дүр. Одоогоор тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга.
Удирдах зөвлөлөө давсан ч “Уран сайхны зөвлөл”-өө давж чадахгүй нэг дүртэй боллоо. Дүрд сонгогдох нь бэрхтэй байх. Бэрхийг давсан ч эрхийг эдлэх дүр байх уу гэдэг нь эргэлзээтэй.
За тэгээд зохиол өөрчлөгдөөгүй нэг дублёр гараад ирдэг юм байж. Гэтэл уран сайхны зөвлөл харин ч нэг хүлээж аваагүй дээ. Томилгоог танилцуулах өчигдрийн чуулган ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Удирдах зөвлөл нь Г.Тэмүүлэн дээр санал нэгдсэн ч “Уран сайхын зөвлөл” нь тэс ондоо байлаа. Ардын намын 68-аас өчигдрийн хуралд 30-ын бүлгээс дийлэнх нь суугаагүй. Нөгөө бүлгээс нь ч хэсэг бусаг хүн харагдана лээ. Яахав Ардын намынхан сөрөг хүчин рүүгээ бухах гэж оролдоно лээ. Төсвийн асуудлаар завсарлага авсан тул чуулганд суугаагүй. Яахав ганц, нэг гишүүнийг эс тооцвол шүү дээ. Сөрөг хүчний тухайд олонхийн бутралыг олон нийтэд харуулах үүднээс баримталж буй тактик гэж таая.
“Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүнийг намаас хөөнө”. Энэ бол мөхөс миний таамаг биш. Энэ бол эрх барьж буй Ардын намын генсекийн амнаас гарсан үг. Салж хагацаагүй, бүтэн бүлээн байгаа гэсэн ч үнэндээ хагарал нь хагацал руу ойртсоныг чухам энэ л үг гэрчилнэ. 30-38 нь хоорондоо тохироогүйн улмаас Засгаа тонгорох гэж байгааг төсвийн хэлэлцүүлгээс хангалттай харж болохоор. Сүүлийн хэд хоног сошиалд сэвэгдсэн нь, сүүлд ХЗДХ-ийн сайдыг сольсон нь энэ л зохиолын дагуу явсан хэрэг. Тэгээд үндсэн сэдвээс мартагнуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид руу чиглэсэн шүүмжлэл байгааг анзаарав уу. Үүнийг Ардчилсан намын гишүүнээс эхлээд Ардын намын дотоодод хүчтэй ярьж байна. Юу нь мэдэгдэхгүй судалгааны байгууллагууд гэнэт тодроод намын ч, даргын нь чансааг ч тодруулах боллоо. Судлагдахуун нь харин тодорхойгүй. Хэнийг нь Ерөнхийлөгчид дэмжих вэ гэсэн илт тодорхой санал асуулга явж ч байх шиг. Хагарал нь хагацал болох гээд байгаа тул 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль руу дөтөлж байна.
Ийнхүү Удирдах зөвлөлөө давсан ч “Уран сайхны зөвлөл”-өө давж чадахгүй нэг дүртэй боллоо. Яахав дүрдээ түргэн сонгогдох л байх. Авчиг тайзан дээр зохиолын дагуу тоглох уу гэдэг нь асуулт. Зохиолын дагуу тоглохгүй бол юу болдгийг нийтээр хоёр жил хангалттай харлаа...
Сэтгэгдэл ( 0 )